2019/11/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,708.32₮
B30
УЛААНБААТАР
-13°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-25°
08:00
S29
-13°
09:00
S30
-14°
10:00
S26
-16°
11:00
S26
-17°
12:00
S26
-15°
13:00
S26
-14°
14:00
S30
-14°
15:00
S30
-15°
16:00
S32
-16°
17:00
S32
-18°
18:00
S31
-19°
19:00
S31
-21°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Мэндсайхан: Хилчдийн нэр хүндэд санаатай халдвал хариуцлага тооцно

Д.Жаргалан, Зууны мэдээ
2018 оны 5 сарын 29
Зууны мэдээ

Сүүлийн үед сошиал ертөнцөөр “Дорноговийн Сулинхээрийн заставыг хилээс дотогш 45 км татжээ. Уг ажилд хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулсан” гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ тухай Хил хамгаалах ерөнхий газрын Тамгын хэлтсийн дарга, хурандаа Д. Мэндсайхантай ярилцлаа.

-Сулинхээрийн хилийн анги анх байгуулагдсан талаар товч танилцуулахгүй юу?

-Ард иргэдийн дунд Сулинхээрийн гэдэг нэрээр танил болсон Хилийн 0168 дугаар анги анх 1933 онд Дорноговь аймгийн нутагт “Задгайт” нэртэй газар байгуулагдаж, 1973 онд тэр үеийн Сулинхээр сумыг түшиглэн “Замын-Шанд” нэртэй газар дахин байгуулагдсан.

-Олон нийтийн сүлжээгээр тус ангийг Хатанбулаг сумын төв рүү нүүлгэн шилжүүлсэнтэй холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл гарах болсон. Чухам ямар үндэслэлээр тус ангийг нүүлгэх болсон бэ?

-Сулинхээрийн сумын төвийг ундны усны эх үүсвэргүйн улмаас 1974 онд татан буулгаж Хатанбулаг сумтай нэгтгэн, нүүлгэн шилжүүлсэн. Сумыг татан буулгаж нүүлгэснээр Хилийн 0168 дугаар анги нь ундны усны эх булгаас алслагдсан, эрчим хүч, холбоо харилцаа, дэд бүтэц сул хөгжсөн газар, говь, цөлийн бүсэд бие даан байрлаж, улсын хил хамгаалалтыг зохион байгуулж ирсэн.

Дээрх хүчин зүйлүүдээс шалтгаалан тус анги улсын хил хамгаалалтыг зохион байгуулахад шаардагдах бүх төрлийн хангалт, үйлчилгээг шуурхай, тасралтгүй хүргэх, албаны бэлэн байдлыг хангах, мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулахад дараах хүндрэлүүд үүсэх болсон.

Тухайлбал, тус ангийн барилга байгууламжууд нь чулуу, модон хийцтэй, ихэнх нь аж ахуйн аргаар баригдсан, 30-40 жилийн насжилттай, цахилгаан, сантехникийн шугамууд болон барилга байгууламжид их засвар хийгдээгүй олон жил болсноос үүдэн ашиглалтын хугацаа норм дуусаж, мэргэжлийн байгууллагаас хийсэн үзлэг, шалгалтаар алба, үйл ажиллагаа явуулах, хүн амьдрах боломжгүй гэсэн албан ёсны дүгнэлт гарсан.

Албаны болон орон сууцны зориулалттай барилгуудын халаалтыг нам даралтын уурын зуухаар галлаж, нүүрсээ Өмнөговь аймгийн “Таван толгой”-н уурхайгаас буюу 420 км газраас тээвэрлэдэг. Гэтэл тус ангийн нэг жилийн нүүрсний хэрэглээ 1500 тонн байдаг бөгөөд тээврийн зардал маш өндөр гардаг.

Төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдоогүйгээс дизель станцаар цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ хангадаг бөгөөд дизель станцыг хоногт 10-18 цаг ажиллуулж, жилд дунджаар 90-100 мянган тонн дизель Түлш хэрэглэн 160 сая төгрөгийн зардал гардаг байсан. Хүнс, шатахуун, материал хэрэгслийн хангалтыг Дорноговь аймгийн төв Сайншандаас буюу 260 км-ээс татан авдаг тул өртөг зардал ихтэй байдаг.

Зөвхөн ундны усаа ангийн байрлалаас 12 км газраас автомашинаар тээвэрлэхэд жилд дунджаар 60 орчим сая төгрөгийн тээврийн зардал гардаг.

Хэрэглээний ус, цахилгаан эрчим хүчний хомсдолоос шалтгаалж, хилчид, тэдний гэр бүл хүнсний болон ахуйн хэрэглээний тоног төхөөрөмж ашиглах боломж хязгаарлагдмал байдаг. Өөрөөр хэлбэл говь, цөлийн бүсэд зуны аагим халуунд ундны усаа хязгаартай хэрэглэж, хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хадгалах боломжгүй байсан.

Ундны усны чанар муу, хатуулаг ихтэй байдал нь хилчдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, дотор эрхтний өвчлөл түгээмэл болсон.

Аймаг, сумын төвөөс алслагдсан байдал нь хилчид боловсрол, эрүүл мэнд, банк, санхүүгийн болон төрийн бусад үйлчилгээг авахад зардал их гарч, хугацаа алддаг.

Хилчдийн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн боловсрол орхигдож, гэрээр хүмүүждэг, сургуулийн насны хүүхдүүд хот, аймаг, сумын төвд дотуур байранд болон айлд амьдардаг зэрэг бодит хүндрэлүүд үүсдэг байсан.

Эдгээр хүндрэлүүд нь тус ангийн үе үеийн хилчид, тэдний гэр бүл, өндөр настан, ахмад хилчдийн хувьд олон жилийн турш хуримтлагдаж ирсэн зайлшгүй шийдлээ хүлээсэн тулгамдсан асуудал байсаар ирсэн бөгөөд 1990-ээд оноос эхлэн ангийн төвийг төв суурин газар шилжүүлэн барих хүсэлтийг аймаг орон нутгийн төр захиргааны байгууллага болон Хил хамгаалах байгууллагын удирдлагад тавьсаар ирсэн.

Орон нутгийн удирдлагын зүгээс уг хүсэлтийг байнга дэмжиж ирсэн бөгөөд 2012 онд Хатанбулаг сумын Засаг дарга С.Баттогоо Хил хамгаалах ерөнхий газарт албан ёсоор дэмжиж буйгаа мэдэгдэж, тус ангийг Хатанбулаг сумын төвд шилжин суурьшсан нөхцөлд ундны усны асуудлыг сумын Тамгын газраас хариуцан шийдвэрлэж өгөхөө илэрхийлсэн байдаг.

-Нүүлгэн шилжүүлэх хүсэлтээ хамгийн сүүлд хэзээ гаргасан бэ?

-Хамгийн сүүлд 2012 онд нийт бие бүрэлдэхүүний 93 хувь нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дэлгүүр худалдаа болон байнгын эрчим хүчний эх үүсвэртэй банк, санхүү, төрийн бусад үйлчилгээ авах боломжтой сум, суурин газарт шилжүүлж өгөхийг хүсэлт гаргасан байдаг. Уг хүсэлтийг Хууль зүй, дотоод хэргийн яамаар уламжлуулан удаа дараа гаргасны үр дүнд Засгийн газраас 2012 онд мн/164 дүгээр тогтоол гаргаж, тус ангийг Хатанбулаг сумын төвийг түшиглэн байгуулах газар байршлыг тогтоож өгсөн.

Уг тогтоолыг үндэслэн 2012-2016 онуудад төсвийн хөрөнгө оруулалтаар асуудлыг тодорхой үе шаттайгаар шийдэж, тус ангийн шинэ барилга байгууламжийг Хатанбулаг сумын төвд барьж дуусган, улсын комисс ашиглалтад хүлээн авснаар Хатанбулаг сумын төвд байрлах болж, цөлд хаягдсан олон зуун хилчид тэдний нийгмийн асуудал бүрэн шийдэгдсэн.

-Тус анги Хатанбулаг сумын төвд шилжин байрласнаар хилчдийн амьдралд ямар өөрчлөлт гарав?

-Юуны өмнө улсын хил хамгаалалт, алба, үйл ажиллагаанд бодит ахиц, дэвшлүүд гарсныг дурдах нь зүйтэй. Тухайлбал, тус анги эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсоноор хариуцсан хэсэгтээ улсын хил хамгаалалтыг удирдан зохион байгуулах, албаны бэлэн байдлыг хангах, мэдээ мэдээллийг шуурхай дамжуулах боломж нөхцөл хангагдаж, албанд бодит үр дүн гарсан.

Төв суурин газраас алслагдмал байдлаас үүдэлтэй миний дээр дурдсан эрчим хүч, цахилгаан, дулаан, тээвэр шатахуунтай холбоотой гардаг өндөр зардлууд хэмнэгдсэн. Мэдээж хилчдийн хувьд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжтай холбоотой төрийн үйлчилгээг шууд авах болсон. Хилчид орчин үеийн тохилог орон сууцанд амьдрах нөхцөл бүрдэж, хүүхдүүд нь гэр орондоо эцэг эхийнхээ дэргэд сурч боловсрох таатай боломж бий болсон.

Энэ бүхэн нь хилчид ая тухтай орчинд тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах улмаар ажлын бүтээмж, хөдөлмөрийн үр дүн дээшлэх гээд олон сайхан үр дүн гарсан.

-Хуучин ангийн буйран дээр үлдсэн барилга, байгууламжтай холбоотой байгаль экологид сөргөөр нөлөөлөх хүчин зүйл байгаа юу?

-Хугацаа нь дууссан ашиглах боломжгүй болсон барилга объектуудыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр акталж, Дорноговь аймгийн Засаг даргад багийн төв болгон ашиглах талаар санал дэвшүүлж, зарим барилга, газрыг орон нутгийн мэдэлд бүрэн шилжүүлэн өгсөн.

Үүний дараа тус ангийн “Замын-Шанд” дахь хуучин газрыг Дорноговь  аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03/09 тоот тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан юм. Ангийн туурийг цэвэрлэн, байгаль орчны нөхөн сэргээлт хийх ажлыг Хил хамгаалах байгууллага хариуцан гүйцэтгэж, Хатанбулаг сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/86 дугаар захирамжаар орон нутагт нь хүлээлгэн өгсөн.

-Бодит байдал ийм байхад хэн ямар зорилгоор сөрөг ташаа мэдээлэл тараагаад байгааг Хил хамгаалах байгууллага юу гэж үзэж байна вэ?

-Тус ангийн үе үеийн хилчдийн олон жилийн турш тавьж ирсэн санал хүсэлт, тулгамдсан хүндрэлтэй асуудлыг төр засгаас анхаарч аймаг, орон нутгийн удирдлагын дэмжлэг, Хил хамгаалах байгууллагын хичээл зүтгэлээр шийдвэрлэсэн нь хэний эгдүүцэл дургүйцлийг хүргээд байгааг ойлгохгүй байна.

Байгаль, цаг уурын хүнд нөхцөлд, соёл иргэншлээс алслагдсан говь, цөлийн бүсэд эх орныхоо дархан хилийг хамгаалж, олон арван жил зүтгэсэн нэгэн хилийн анги, хилчин хамт олон төр засгийн дэмжлэгээр төв суурин газар бараадсан нь хэний уурыг бараад, дургүйцлийг хүргээд байгаа нь ойлгомжгүй байна. Энэ мэт байдал цаашид газар авч даамжирвал хилчдийн нэр хүндэд санаатай халдаж, худал цуурхал тараасан этгээдийг хуулийн байгууллагаар шалгуулж, хил хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа тус ангийн жирийн хилчдийн нэр хүндийг хамгаалах арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх болно.

x