Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеланд улс малын өвчнөөс салахын тулд 150,000 үнээг нядлахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Улсынхаа мал сүрэгт халдаад байгаа өвчний нянг бүрэн устгахын тулд Шинэ Зеланд улс 150,000 орчим үнээг зохион байгуулалттайгаар нядлах төлөвлөгөө боловсруулжээ.

Уг төлөвлөгөөг улс төрчид, салбарын төлөөлөгчид өнөөдөр зарлахаар болсон байна. Тэд энэхүү ажиллагаанд олон зуун сая доллар зарцуулах бөгөөд амжилттай болвол Mycoplasma bovis гэгддэг нянг тархаад байхад нь устгаж чадсан анхны улс болох юм.

Шинэ Зеландад мал аж ахуй нь эдийн засгийн чухал салбарт тооцогддог. Мөн тус улсын алслагдсан газарзүйн байрлал нь гадаад ертөнцөөс тусгаарлагдаж, эрүүл мал сүрэгтэй байх боломжийг олгодог ажээ.

Өнгөрсөн оны долдугаар сард Mycoplasma bovis нян анх удаа тус улсад илэрч байв.

Европ, АНУ-д түгээмэл илэрдэг уг нян хүнсний аюулгүй байдалд хор хүргэдэггүй ч фермийн аж ахуйн бүтээмжийг бууруулдаг юм байна.

Тиймээс нян илэрсэн ферм бүрийн нийт сүргийг нядалгаанд хамруулахаар төлөвлөжээ. Үүнд эрүүл хэсгийг ч мөн хоморголох юм.

Тэдний ихэнхийг махны үйлдвэрт илгээх бол заримыг нь нядалсны дараа газарт булахаар болсон байна. Фермерүүд эсэргүүцэж байсан ч хүч хэрэглэх эрхийг албаныхан хуулиар олж аваад байгаа юм.

Гэхдээ фермерүүд ач холбогдлыг ойлгон хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэрэгжүүлэгчид ярьж байна. Сүргээ устгуулсан фермерүүдэд нөхөн олговор олгохоор төлөвлөжээ.

Шинэ Зеланд бол 10 сая үнээтэй орон бөгөөд хүн амын тооноосоо хоёр дахин их гэсэн үг. Эдгээрийн гуравны хоёр нь сүүний чиглэлийнх бол үлдсэн нь махны зориулалттай. Сүүн бүтээгдэхүүн тус улсын хамгийн том экспорт. Ихэнхийг Хятадад экспортлодог юм.

Одоогоор Шинэ Зеландын 38 фермд Mycoplasma bovis илрээд байгаа ба компьютер загварчлалын аргаар фермийн тоо 142 хүрнэ гэж тооцоолжээ.

Нядлах ажиллагааны зардал 886 сая шинэ зеланд доллар ($616 сая) болж, ирэх 10 жилийн хугацаанд зарцуулагдах юм.

Зардлын гуравны хоёрыг засгийн газар төлж, үлдсэнийг фермерүүд болон мал аж ахуйн салбар хариуцахаар болжээ. 

 

Эх сурвалж: Time.Com