Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цогтбаатар: Ерөнхий сайдын АНУ-д хийх айлчлалыг зургаадугаар сард хийхээр тохирсон

А.Намуун, iKon.mn
2018 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар 2018 оны 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд ОХУ-д айлчилсан. Мөн тавдугаар сарын 18-22-нд АНУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ.  Тэрбээр өнөөдөр айлчлалынхаа талаар мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Саяхан АНУ, ОХУ-д албан ёсны айлчлал хийгээд ирлээ. ОХУ-д хийсэн айлчлалын үеэр Лавров сайд болон гадаад харилцааны яамны бүх түвшний удирдлагуудтай уулзаж яриа хэлэлцээ хийлээ.Мөн Орост суралцаж буй Монгол оюутнуудтайгаа уулзаж, боловсролын байгууллагууд дээр очиж яриа хэлэлцээ хийсэн.

Айлчлалын үеэр гол яригдсан асуудлууд бол хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, стратегийн  түншлэлийг улам гүнзгийрүүлж ургуулах, ямар асуудалд анхаарал хандуулахаа санал солилцож, ярилцлаа. 

Төрийн өндөр айлчлалуудаа ямар давтамжтай, хэзээ хийхэд тохиромжтойг ярилцлаа. Ерөнхийлөгчийн ОХУ-д албан ёсны айлчлалыг ярьж, энэ ондоо багтаж хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн, Ерөнхий сайдын албан ёсны айлчлалыг хийх зэрэг асуудлаар ярилцлаа.

 Айлчлалын үеэр худалдаа, эдийн засгийн асуудлуудад анхаарал хандуулж ярилцсан.Оросын талд бидний зүгээс худалдаагаа хумихгүй, өнөө байгаа түвшнээсээ тэлж нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн асуудлыг тавьж ярилцлаа. Чөлөөт худалдааны судалгааг тал талдаа хамтран эхлүүлэхээр яригдаж байна. 100 тэрбум рублийн зээлийн асуудал яригдаж, эрчим хүч, дэд бүтэц, төмөр замын чиглэлд хөрөнгө оруулж ажиллахаар тохиролцсон. Мөн эдийн засгийн коридорын асуудлаа түлхүү ярилаа. Оросын Батлан хамгаалахын сайдын Монголд хийх айлчлалын тухай яригдсан.

Дараа жил болох Халхын голын дайны 80 жилийг ойг хамтарч тэмдэглэхээр тохиролцов. Энэ нь чухал улстөрийн ач холбогдолтой хамтарсан арга хэмжээ болох юм. 

АНУ-д 18-22-ний өдрүүдэд айлчиллаа. Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео, АНУ-ын Конгрессын гишүүд болон албаны бусад хүнтэй уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.

Айлчлалын хүрээнд Америкийн чухал, нэр бүхий судалгааны хүрээлэнгүүдтэй уулзсан. Тодруулбал, Жонс Хопкинс, Хадсон, Азийн нийгэмлэг зэрэг АНУ-ын томоохон их сургууль, судалгааны хүрээлэнгүүдэд зочлон эрдэмтэн судлаачид, Монголыг сонирхсон хүмүүстэй уулзаж, илтгэл тавьсан.

Мөн Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын сантай Хоёр дахь компакт гэрээ байгуулах тухай төгсгөлийн шатны хэлэлцээнд орж, эцэслэв. Хэлэлцээ дууссан, гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болсон байгаа.

Хоёр дахь компакт гэрээний хүрээнд Монголд буцалтгүй тусламж хэлбэрээр орж ирэх 350 сая ам.долларын санхүүжилтийг Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх тухай төсөлд зарцуулах юм. Бид энэ асуудалд сайтар судалгаа хийж, нарийн тооцоотойгоор хандаж байгаа. Гэрээг талууд хоёр талын дээд хэмжээний айлчлалын үеэр байгуулахаар эцсийн шатны бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Өөр нэгэн чухал ярилцсан зүйл бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын АНУ-д хийх айлчлалын талаар санал солилцлоо. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалыг зургаадугаар сарын сүүлээр хийхээр тохирсон.

Энэ чиглэлүүдээр бид цаашдаа хамтын ажиллагаагаа өргөжүүлж явна" гэв.