Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

BTS хамтлаг К-попын түүхэнд шинэ дээд амжилт тогтоолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын хөвгүүдийн BTS хамтлаг АНУ-ын цомгийн жагсаалтыг тэргүүлсэн анхны К-поп уран бүтээлч боллоо.

Ням гарагт тэдний шинэ цомог “Love Yourself: Tear” нь Billboard 200 жагсаалтыг анх удаа тэргүүлжээ. Уг жагсаалт нь хөгжмийн цомгуудыг борлуулалт, татан авалт (download), стримингийн тоо хэмжээгээр эрэмбэлдэг юм.

Billboard-ийн сайтад “Долоон гишүүнтэй тус хамтлагийн хувьд анх удаа, мөн К-поп цомгуудын хувьд анх удаа жагсаалтыг тэргүүллээ” гэж мэдээлсэн байна.

Өрнөдийн сонсогчдын нэлээд хэсэг нь BTS-ийг хэн болохыг мэдэхгүй байж болох ч тэдний үсрэнгүй амжилтыг дутуу үнэлж болохгүй юм. Тухайлбал BTS хамтлаг 2017 онд Твиттер сүлжээнд хамгийн олон нэр дурдагдсан нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Канадын од Жастин Бибер нарыг нийлүүлснээс бараг хоёр дахин илүү гарчээ.

 Тэд зөвхөн Өмнөд Солонгост төдийгүй Япон, Хятад, Зүүн Өмнөд Ази, Латин Америкийн зарим улсад маш олон фэнүүдтэй.

Өнгөрсөн онд тэдний “Love Yourself: Her” цомог нь АНУ-ын топ 10 цомгийн жагсаалтын долдугаарт орж, дэлхийн 70 гаруй орны iTunes дижитал хөгжмийн дэлгүүрт борлуулалтаараа тэргүүлж байв.

BTS хамтлаг нь Өмнөд Солонгосын урлагийн экспортын хамгийн амжилттай жишээнүүдийн нэгт зүй ёсоор нэрлэгдэж байна.

 

Эх сурвалж: AFP