Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Загдсүрэн: “Мөрөөдлийн төсөл”-ийн II шат эхэлж байна

Б.Туул
2018 оны 5 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцдаг билээ. Энэ удаа Дундговь аймгийн Гурвансайхан суманд бүтээн байгуулалтын их ажлыг өрнүүлж буй нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Э.Загдсүрэнг урьж ярилцлаа.

ГОВИЙН ЖИЖИГ СУМЫГ ТОХИЛОГ СУУРИН БОЛГОСОН ТҮҮХ

– Бидний сум орон нутгаа хөгжүүлье гэсэн санал, санаачилга санаандгүй гарсан. Монгол Улсын Засгийн газар 2012 оноос “Шинэ сум” сум төсөл хэрэгжүүлж, 18 аймгийн 19 сумыг хамруулсан байдаг.

Дундговь аймгийн Гурвансайхан сумынхан Засгийн газраас хэрэгжүүлсэн энэ төсөлд хамрагдаагүй боловч өөрсдөө төсөл боловсруулж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татан бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлээд байна. Энэ ажилд бидний хэсэг залуусаас гадна сум орон нутгийн иргэд маань идэвх санаачилгатай оролцож байна.

Анх сумаа шинэчилье гэж огт бодоогүй. Би нэг жижиг бизнес эрхлээд л гүйдэг байлаа. Манай сумын нутгийн зөвлөлийн удирдлагууд До.Цэнджав, До.Чулуунбаатар нар нэг өдөр Барилга хот байгуулалтын яаманд, Р.Эрдэнэбүрэн даргын өрөөнд бидний хэсэг залуусыг дуудсан. “Бид ээлж халаагаа өгье, залуус та нар нутгийн зөвлөлийн ажлыг ав” гэсэн.

Р.Эрдэнэбүрэн дарга тэгэхэд хэлж байсан юм. “Сумын төв маань 1980 онд биднийг сурагч байхад ямар байсан тэр л янзаараа байна. Энэ байдлыг хэдүүлээ өөрчилье. Сумаа сайхан болгоё” гэсэн санал гаргасан.

Барилгын зураг төс­лийн мэргэжлийн компаниудтай уулзаад, мэргэжлийн хүмүүсийг нь сумандаа аваачсан. Манай сум хөгжлөөр тааруухан. 1980-аад онд барьсан айлуудын модон хашаанууд нь өмхөрч хэмхрээд бараг дууссан. Машины дугуй, төмөр, гэрийн хуучин муу эсгий, гудас зэргээр хашаагаа нөхөж, хааж барьсан. Элс их шуурдаг болохоор халхавч болох бүх л зүйлсээр хашаа хороогоо  хааж, түр аргацаасан байдалтай байдаг байсан. Тэгээд бид очоод сумаа өөрчилье гээд хурал хийлээ. Дээрээс нь бид сумаа шинэчлэх төслөө “Мөрөөдлийн төсөл”  гээд нэрлэчихсэнийг хэлэх үү, хүмүүс итгэж өгөхгүй байсан. 

Ийм уулзалтыг бид 2014 оны хоёрдугаар сарын 15-наас хойш гурван сарын турш хагас, бүтэн сайн өдрүүдэд хийсэн. Зарим уулзалтад хүмүүс бүр ирэхээ больсон. Ноолуурын ид үе эхлээд сумын төвийнхөн бараг эзгүйрсэн байсан. Тэгэхээр нь бид өөрсдөө гудамжаар яваад, хүмүүс  цуглуулаад уулзалт хийдэг болсон. Хэдэн өвөө эмээ нар л ирнэ. Тэднийг авчирч суулгаад, нөгөө  юмаа л ярина. Авто замтай болно, цэвэр, бохир, дулааны шугам  тавина, гэрэлтүүлэгтэй болно. Бүгдээрээ гэртээ халуун усанд ордог болно гээд л ярина. Хамгийн гол нь өнөө, маргаашгүй замын ажил эхлэх гэж байна.

Бид ийм зураг төсөл хийчихсэн байгаа. Танай хашаануудыг маргааш, нөгөөдөргүй буулгана, дундуур нь зам тавина гэсэн чинь өвөө эмээ нарт энэ “Аман хуур” кино шиг их асуудалтай сонсогдсон байсан. Уулзалтаас гараад л бүгд хот, хөдөөд байдаг хүүхдүүд рүүгээ ярьчихсан байсан. Дараагийн хагас, бүтэн сайн өдөр уулзалт хийхэд сумын клуб хүнээр дүүрчихсэн байсан. Хашаагаа нураалгахгүй гэсэн хүмүүс бүгд цугласан байсан. Тэгээд бид сумын бүх хүн цугласан дээр нь дахиад төслөө танилцуулсан. Сүүлдээ хүмүүс итгэж үнэмшиж эхэлсэн.

Иргэдийн идэвх их нэмэгдсэн. “Эдний хашааг чөлөөлөөд зам тавивал сургуулийн хүүхдүүд явах, өндөр настнууд дэлгүүр ороход амар болно”, “Зүлэг, модоо ингэж тарья” гээд иргэд өөрсдөө саналаа гаргаад, тэрийг нь бид хар зураг болгож авч ирээд, мэргэжлийн байгууллагаар зураг төсөл хийлгээд, дахиад танилцуулдаг байсан. Иргэд маань сүүлдээ инженерийн зураг төсөл их ойлгодог болсон. Эхний төлөвлөлтүүдийг бүгдийг нь иргэдтэйгээ зөвлөлдөж хийсэн.

Төлөвлөлтөө ярихдаа санхүүгийн асуудлаа давхар яриад явсан. Авто зам нь асфальт, бетонон хучилттай, доороо чулуун суурьтай байна. Хажуудаа явган хүний замтай байна. Авто замын ажлыг техникээр хийнэ. Харин чулуу шорооны ажлыг иргэд өөрсдөө хийх боломжтой гээд тайлбарласан. Тэгвэл чулуу шорооных нь ажлыг бид хийчихье. Тэгж зардал мөнгөө хэмнэе гээд  сумаа хөгжүүлэх бидний ажил  эхнээсээ нутгийн иргэдийн оролцоотой олон хүний дэм тус, олон байгууллагын хандив тусламжаар хө­дөлж эхэлсэн.

НУТГИЙН ИРГЭДТЭЙГЭЭ НИЙЛЖ, 4.5 ТЭРБУМ ТӨГРӨГ БОСГОВ

-Сумынхаа иргэдтэй ярилцаж, төлөвлөсөн ажлуудаа нэгтгэж төсвийг нь тооцоолоход нийт 4.5 тэрбум орчим төгрөг бидэнд хэрэгтэй болсон. Сумынхандаа энэ тухай хэлсэн чинь “Ёстой сонсоогүй тоо байна” гэж байсан. Зарим нь  биднийг худлаа ярьж, улс төр хийж байна гэж бодсон. Харин бид “Энэ бол улс төр биш, өөрсдийнхөө төрж өссөн нутаг орны хөгжилд хийж байгаа бүтээн байгуулалт, бүгдээрээ нийлж сумаа өөрчилье, бүгдээрээ хамтарч энэ мөнгийг босгоно” гэхэд итгэж өгөхгүй байсан.

Тэгэхээр нь “Монголд хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс, улс орнууд байдаг. Тэднийг сумандаа урьж, авчиръя. Та бүхэн сайхан хүлээж аваарай, хэдүүлээ төслөө танилцуулаад үзье” гэсэн. Ингээд эхний гурван сар өнгөрөхөд бидэнд иргэдийн олонх нь сая л нэг юм итгэсэн. Тэгээд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг сумандаа урьж аваачин төслөө танилцуулж эхэлсэн.

Нутагтаа бид бараг багахан хэмжээний “АСЕМ” зохион байгуулсан. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын шадар туслах бөгөөд НҮБХХ-ийн Ази, Номхон далайн бүсийн захирал Хаолянь Шу манай суманд ирсэн. Туркийн парламентын дарга байсан хүн бас ирсэн. Манай УИХ, Зас­гийн газрын гишүүд ч олон очсон. Тухайн үеийн Ерөнхий сайд Н Алтанхуяг, Зам тээврийн сайд М.Зоригт нар очсон. Н.Алтанхуяг сайд л гэхэд манай сумын цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг шийдэж өгснөөр, 5,000 хүнтэй суурин газар болоход ямар ч асуудалгүй хангах цахилгаантай болгосон.

Ингээд бид анх удаа, хөдөө суманд Монголд байгаа бүх “донор”-уудыг цуглуулж, 200 гаруй хүнтэй том чуулганыг зохион байгуулсан.  Бүх айл гэрээсээ будаа агшаагчаа авчирч, сумын захиргаан дээр залгаад будаа агшаасан. Бүх айл халбага, сэрээ, аяга тавгаа авчирч, чуулганы зочдод зориулсан хүлээн авалтыг хийж байлаа. Энэ ажилд нутгийн иргэд маань бүгд сэтгэл гаргаж ажилласан. Бид бүгдээрээ энэ бүхнээс л үр дүн хүлээж байсан.

ГУРВАНСАЙХАН СУМ ЖИЛИЙН ДОТОР ӨНГӨ ТӨРХӨӨ ӨӨРЧИЛЖЭЭ

-Энэ уулзалтад НҮБХХ, Азийн хөгж­лийн банк, ЖАЙКА, КОЙКА, Мерси Кор, Дэл­хийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн зөн зэрэг олон улсын байгууллагууд АНУ, Канад, Франц, Япон, Солонгос, Австрали зэрэг орны төлөөлөл ирж оролцсон. Ингээд  Азийн хөгжлийн банк, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилт,  ТИКА,  орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компани, донор байгууллагууд, сум орон нутгийн хөгжлийн сан зэргээс нийт 4.3 тэрбум төгрөг босгосон. Ингээд бид сарын дотор говийн жижигхэн сумыг өөрчилсөн. Мэргэжлийн компаниуд оруулаад л бужигнуулчихсан.

Айлууд маань хоорондоо ярилцаад мөнгө хэмнэх үүднээс хашааныхаа блокийг өөрсдөө хийсэн. Блокоо өрөөд эхэлсэн чинь хашаагаа жигд өрж чадахгүй байна гээд асуудал үүссэн. Тэгээд мэргэжлийн бригад аваачиж ажиллуулсан. Иргэд хашааныхаа метр тутамд 30 мянган төгрөгийн хандив өгсөн. Мөнгөө өгөөд өөрийнхөө хашааг бариулж байгаа хүмүүс чинь өрлөг хийж байгаа улсыг байнга хянаастай. Сумаар дүүрэн иргэдээс бүрдсэн “Хяналтын инженерүүд” ажилласан.

Ингээд л манай Гурвансайхан сум жилийн дотор өнгө төрхөө эрс өөрчилсөн дөө. Залуучууд бидэнд сэтгэл зүтгэл байвал олны дэмээр юуг ч өөрчилж, шинэчилж болдог юм байна гэдгийг бид харуулсан.  Тиймээс бидэнд итгэл хүлээлгэсэн ахмадууд, энэ бүх өөрчлөлт шинэчлэлтэд гар бие оролцсон нутгийн иргэддээ талархаж явдаг юм.

ГОВИЙН НҮЦГЭН ТАЛД НОГООН ТӨГӨЛ БАЙГУУЛАВ

-Манай сумынхан говьд мод ургадаггүй гэсэн ойлголттой  байсан.  Тэгээд манай говийн хөрсөнд яагаад мод бут ургадаггүй юм бол? Ер нь зүлэгжүүлж болох уу гээд ярилцсан. Говийн суманд зүлэг, мод тарина гэхэд эхэндээ нэг ч хүн итгээгүй. Эхний удаа мод тарих гээд элдэв янзаар туршиж үзээд бас алдсан. Зуугаад километрийн цаанаас шороо авчирч сумын  төвдөө цацаж тэгшлэн зүлэгний үр суулгасан ч говийн салхинд юу ч үгүй хийсгэж орхисон. Тэгээд мөн мэргэжлийн компаниас диндирлогич авчирч, зөвлөгөө авсан. Ингээд үндсэн хөрсөндөө нутгийн ургамал болон таримал зүлэгтэй хослуулах байдлаар тарьсан чинь амжилттай ургасан.

Одоо манай сум бүхэл бүтэн модон төгөлтэй болсон. Гараар зөөж услах нь нил шавар шавхай болохоос эхлээд ажиллагаа ихтэй байсан учраас зориулалтын усалгааны систем тавиад, туршиж үзэх маягаар олон ажил хийсэн. Энэ бүхнийг хараад сумандаа суварга босгохоор мөнгөө өвөртлөөд зорьж ирсэн малчин хосууд хотоос тарьц, суулгаж авчраад өөрсдийнхөө нэрэмжит төгөлийг сумандаа байгуулсан. Ингэж бид нүцгэн улаан хөрстэй говийн сумаа “Ногоон сум” болгохоор зорьж байна.

ЖДҮ-ИЙН ПАРКТАЙ, НОГООН ТӨГӨЛТЭЙ, ХЯМД ОРОН СУУЦТАЙ ЖИШИГ СУМ

-Нарны энергиэр ажилладаг зуугаад гэрэлтүүлэг тавьсан, бүх нийтийн оролцоотой зүлэгжилтийн ажил хийсэн гээд олон бүтээн байгуулалтын ажил хийсэн учраас бид орчноо хайрлаж хамгаалах ажилд бас санаа тавьж ажиллаж байгаа.

Сум бүрт 10 хэдэн цагдаагийн хяналтын камер өгсөн юм билээ. Тэрийг нь ажиллуул­даггүй, гялгар ууттай нь хураагаад тавьчихсан байсан. Тийм болохоор хотоос мэргэжлийн залуучууд авчраад, орчноо камержуулан, интернетэд холбосон. Хийсэн ажлынхаа талаарх бүх мэдээллийг бас иргэддээ нээлттэй байлгах үүднээс фэйсбүүк грүпп, сошиалд тавьж байсан. Иргэд эхэн­дээ шүүмжлээд л байдаг байснаа сүүлдээ дэмждэг болсон.

Суманд нэг цуу яриа гарвал их амархан тархдаг. Тиймээс нутгийн иргэдийн оролцоо, ойлголт зэргийг нэгтгэхийн тулд месежээр мэдээлэл  солилцдог грүпптэй болсон. Бид хийсэн ажил, зарцуулсан төсөв тооцоо, дараагийн ажлын төлөвлөгөө, санал санаачлага гээд бүх мэдээллээ цахимаар дамжуулдаг болсон. Энэ бас иргэдийн хүч хөдөлмөрийг нэгт­гэх, нутаг орноо хөгжүүлье гэсэн санал, санаачлагатай залуусыг уриа­лахад их нэмэр болсон.

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, 3D АНИМЕЙШН КИНО БҮХ ХҮНИЙГ ХӨГЖИЛД ХӨТӨЛСӨН

-Аливаа бүтээн байгуулалтын ажилд иргэдийн оролцоог нэмэх, тэдний итгэлийг олох нь их чухал юм байна. Хүмүүс ч бас өөрсдөө санаачлаад хийдэг, хийсэн ажилдаа хариуцлагатай ханддаг, эрх үүргээ ухамсарладаг болдог юм байна. Одоо манай сумынхан хашаа, хороогоо цэвэрлэх ажлаа өөрсдөө санаачилгаараа хийдэг болсон. Өмнө нь  төрийн байгууллагын хэдэн хүн л бүх нийтийн цэвэрлэгээнд хүчээр гардаг байлаа. Сумынхаа хөгжилд мянгат малчдынхаа оролцоог нэмэг­дүүлсэн.

Малчиддаа бид  сумынхаа бүтээн байгуулалтад оролцооч гэсэн санал тавьсан. Хотод анх удаа “Мянгат малчдын чуулга уулзалт”-ыг хийсэн. Манай сум 60 “мянгат малчин”-тай байсан одоо 70 болсон.  Чуулга уулзалтын үеэр бид малчиддаа тоглолт үзүүлээд, Төрийн ордонд оруулаад, сум орон нутагтаа хийх ажил, болж бүтэхгүй байгаа асуудлуудаа ярьсан. Ингээд малчдынхаа дэмжлэгийг авсан. Мянгат малчид маань ноолууран дээрээ­сээ жил бүр сая төгрөг хураалгахаар тохирч, тухайн жилд цугласан мөнгөөр нь бид Жижиг дунд үйлдвэрийн парк байгуулсан.

Сумын залуучууд маань спорт их сонирхоно. Ялангуяа волейбол сайн тоглоно. Уралдаан тэмцээнд ороод дандаа мөнгөн медаль авдаг. Даанч заалны хүрэлцээ хангамж тааруухан байсан. Сургуулийнхаа жижигхэн зааланд л тоглодог байв. Тэгээд том заалтай болмоор байна  гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь бид бас “Та хэд заалныхаа мөнгийн босгочих, бид дэмжье” гэсэн. Гэтэл арваад хоногийн дараа нэг залуу залгаад, “Та фэйсбүүкээ шалгасан уу” гэж байна.

Залуус маань бидэнтэй уулзаад гарахдаа замаараа бүх хамаатан саднаараа ороод ааруул, мах сүү гээд мөнгө болох бүх юмнуудыг нь аваад, зарж борлуулаад мөнгөтэй болчихсон, ХААН банкны 10 сая төгрөгийн хуулга харуулсан байсан. Ингээд бид ч урам орж, иргэд, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уурхай, ТИКА-тай очиж уулзан заалныхаа зургийг мэргэжлийн хүнээр гаргуулаад, нутагтаа урлагийн тоглолт болон хурал цуглаан хийдэг танхимтай, спорт заалтай, аймгийнхаа хэмжээнд томд тооцогдох лед дэлгэцтэй “SSS compex” цогцолбортой болсон. Энэ мэтчилэн сумынхаа хөгжилд хүн бүр идэвхийлэн зүтгэж байна. Иргэдтэйгээ ярьж байгаа зураг төслөө бид өнгө зүс, хэлбэр загвараар нь  анимейшн хэлбэрээр кино болгоод иргэддээ танилцуулдаг. Энэ бас иргэдийн идэвх санаачилга, итгэл үнэмшлийг олж авахад тусалсан.

Одоо манай суманд “Мөрөөдлийн төсөл”-ийн хоёрдугаар шат эхлээд явж байна. Бид үлдсэн бүх гудамжаа боржин чулуун замтай болгоно гээд төлөвлөж байна. Мөн бүх айл боловсон нойлтой больё гээд ярьж байна. Түүнчлэн сумын төв гэхээр л улаан, цэнхэр дээвэртэй байшинтай байх ёсгүй гээд хороолол барих төсөл, 28 сая төгрөгний өртөгтэй, “Яндангүй байшин” төсөвлөж, төлөвлөөд явж байна. Мөн энэ жил мянгат малчдаасаа бүрдэх 70 сая төгрөгөөрөө юу хийх вэ гээд нутгийн иргэдтэйгээ ярилцаж байна.

Зураг