Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Сирид Оросын дөрвөн цэргийн алба хаагч алагджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Сирид алба хааж байгаа цэргүүд тус улсын зүүн Дэйр эз-Зор мужийн нутагт террористуудын отолтод орж алагдсан тухай Оросын батлан хамгаалах яам өчигдөр мэдэгджээ.

Сири, Оросын цэргүүд рүү зэвсэгт бүлэглэл гал нээсний дараа харилцан буудалцаан болж, террористуудын талаас 43 хүн алагдсан байна.

Энэ үеэр Оросын хоёр цэргийн зөвлөх газар дээрээ алагдаж, таван алба хаагч шархдаж, эмнэлэгт хүргэгджээ. Сүүлд тэдний хоёр нь шархаа даалгүй амиа алдсан байна.

ОХУ-ын арми Сирийн засгийн газрын хүсэлтээр 2015 оны есдүгээр сараас 2017 оны арванхоёрдугаар сар хүртэл террористуудын эсрэг агаарын ажиллагаа явуулсан юм.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сирийн Хмэймим агаарын баазад зочлохдоо тус улсаас цэргээ гаргаж эхлэхээ зарлаж байв. Энэ хугацаанд Исламын улс, Жабхат Аль Нусра зэрэг террорист байгууллагын 60,000 орчим гишүүнийг устгасан тухай ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ.

 

Эх сурвалж: Russia Today