Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын төлөөлөгчид Хойд Солонгостой Панмунжомд хэлэлцээр хийж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Дональд Трамп, Ким Жон Ун нарын уулзалтын талаар хэлэлцэхээр АНУ-ын албаны хүмүүс Хойд Солонгосын талтай Ням гарагт уулзаж эхэлсэн байна.

Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Хидер Науэрт “АНУ-ын төлөөлөгчид Хойд Солонгосын талтай Панмунжомд хэлэлцээр хийж байгаа. Бид ерөнхийлөгч болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангахаар үргэлжлүүлэн ажиллаж байна” гэж мэдэгджээ.

Үүний дараа Дональд Трамп твиттер хуудсандаа “Ким Жон Ун бид хоёрын уулзалтын бэлтгэлийг хангахаар манай баг Хойд Солонгост очоод байна. Хойд Солонгос бол асар их боломжтой, хэзээ нэг өдөр эдийн засаг, санхүүгийн хувьд хүчирхэг улс болно гэдэгт би итгэж байна. Энэ тал дээр Ким Жон Ун надтай санал нэг байгаа. Удахгүй ийм болно!” гэж бичжээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар АНУ-аас Өмнөд Солонгост суух элчин сайд асан Сун Ким, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн Солонгосын асуудал хариуцсан мэргэжилтэн Аллисон Хукер, нэр үл мэдэгдэх Пентагоны төлөөлөгч нар Хойд Солонгосын хилийг давж, тус улсын гадаад хэргийн дэд сайд Чой Сон Хуй тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж байгаа гэнэ.

Уулзалт Даваа, Мягмар гарагуудад үргэлжлэх төлөвтэй байна. Хэлэлцэж буй гол асуудал нь хоёр удирдагчийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах, Хойд Солонгосын цөмийн зэвсгийг хураах нөхцөл байгаа ажээ.

 

Эх сурвалж: Russia Today