Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Алина Загитовад гөлөг бэлэглэх арга хэмжээнд Шинзо Абэ оролцжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Оросын уран гулгалтын олимпийн аварга Алина Загитовад Япончууд өөрийн Акита үүлдрийн гөлгийг бэлэглэх ажиллагаа Москвад болж, уг арга хэмжээнд Японы ерөнхий сайд Шинзо Абэ эхнэрийн хамт оролцсон байна.

Пёнчаны Өвлийн Олимпийн наадмаас алтан медаль зүүсэн 16 настай Загитова Японд бэлтгэл хийж байхдаа анх Акита үүлдрийн нохойтой болох хүсэлтэй болж, улмаар олимпийн аварга болж чадвал авч өгнө гэж эцэг эх нь түүнд амласан тухай хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Үүний дараа Японы Акита Нохойны Үүлдрийг хамгаалах нийгэмлэг залуу аваргад гөлөг бэлэглэхээр шийдэж, өчигдөр тус нийгэмлэгийн дарга Такаши Эндо бэлгийг гардуулжээ. Энэ үеэр ОХУ-д айлчилж байсан ерөнхий сайд Шинзо Абэ уг арга хэмжээнд оролцсон юм.

Загитовад бэлэглэсэн гөлөг эм гөлөг. Гэхдээ тэр Масару хэмээх (Японоор Ялалт гэсэн үг) эрэгтэй нэрийг гөлөгтөө өгсөн байна.

 

2016 онд Акита мужийн захирагч Японд айлчилсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд Юмэ (Мөрөөдөл) нэртэй гөлгийг бэлэглэж байжээ.

Акита үүлдрийн нохой сүүлийн жилүүдэд гадаадын олны танил хүмүүсийн сонирхлыг татах болсон. Тухайлбал Холливүүдийн од Ричард Гир, Францын кино од Ален Делон уг нохойг тэжээдэг болжээ.

Японы хойд бүсийн Акита мужаас гаралтай энэ нохойны үүлдэр ангийн зориулалттай.

Уг нохой 60-70 см өндөр бие, 40-50 кг жинтэй, соотон чихтэй, эгц урагш харсан хүнхэр нүдтэй тул бараг баавгай шиг харагддаг онцлогтой ажээ.

Эх сурвалж: Japan Today, RUPTLY