Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ирландчуудын олонх үр хөндөлтийг дэмжлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт Ирланд улс даяар үр хөндөлтийн хоригийг цуцлах эсэх асуудлаар бүх ард түмний санал асуулга болж өнгөрсөн юм. Одоогийн үндсэн хуулиар эх болон хэвлийд байгаа хүүхэд ижил амьдрах эрхтэй гэсэн зарчим үйлчилж байв.

Католик сүм хийдийн нөлөөн дор байдаг тус улсад дээрх зарчмын дагуу үр хөндөхийг хатуу хориглож ирсэн түүхтэй.

Санал асуулгаар Ирландчуудын 66.4 хувь нь хоригийг цуцлахыг дэмжиж, 33.6 хувь нь эсэргүүцжээ.

Ингэснээр Ирландын үндсэн хуулийн найм дахь нэмэлтийг цуцалж, тус улсын эмнэлгүүд 12 долоо хоног хүртэл хугацаатай жирэмсэн эхэд өөрийнх нь хүсэлтээр үр хөндөх эрхтэй болж байна.

Бямба гарагт гарсан санал асуулгын үр дүн Католик сүм хийдийнхэнд том цохилт болж байгаа юм. Ирэх наймдугаар сард Ромын Пап Францис Ирландад айлчлах гэж байгаа ба энэ нь 1979 онд Пап II Иоаны тус улсад хийсэн анхны айлчлалаас хойш хоёр дахь тохиолдол болж байна.

Ирландын ерөнхий сайд Лео Варадкар үр хөндөлтийг хориглодог үндсэн хуулийн заалтыг энэ оны сүүлээр цуцлахаа амлажээ.

Тус улс гурван жилийн өмнө ижил хүйстний гэрлэлтийг мөн бүх нийтийн санал асуулгаар хуульчилж байв.

Одоо Их Британий захиргаанд байдаг Умард Ирландад зөвхөн үр хөндөлтийн хориг хэвээр үлдэж байна. Бямба гарагийн үдээс хойш Эмнести Интернэшнл байгууллага болон Умард Ирландын зарим улс төрчид Викториа хатан хааны үеэс (19 дүгээр зууны ихэнх үе) уламжилж ирсэн үр хөндөлтийн хоригийг цуцлахыг уриалжээ.

Уг хоригийн улмаас Ирланд эмэгтэйчүүд үр хөндүүлэхийн тулд хилийн чанадыг зорьдог юм. 

 

Эх сурвалж: The Guardian