Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэний эрх тэгш байх нөхцөлийг хангах хууль зүйн баталгааг алдагдуулсан байна гэж Цэц дүгнэлээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1, 2 дугаар зүйл Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Дээрх хуулийн дагуу иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хувьд холбогдох гомдлоо Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гаргах,хэргээ хяналтын шатны хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэх хуулийн зохицуулалтгүй болжээ. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх 3 төрлийн ажиллагааны оролцогчдод өөр өөр журмыг тогтоож, тэгш бус байдал үүсгэн, улмаар иргэний эрх тэгш байх нөхцөлийг хангах хууль зүйн баталгааг алдагдуулсан байна гэж Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас дүгнэлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийг баталж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хийдэл үүсгэсэн нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргав.

 

Эх сурвалж: Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч