Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батцэцэг: 50 САЯ төгрөгийн азтан болсон гэдгээ мэдээд шууд наашаа хөдөлсөн

Т.Жанерке, iKon.mn
2018 оны 5 сарын 25
iKon.MN
 

НӨАТ-ын урамшууллын сугалаа/2018 оны тавдугаар сарын 20-ны тохирлоор/-ны 50 сая төгрөгийн азтангаар Сүхбаатар аймгийн Наран сумын иргэн Гомбожавын Батцэцэг гэх 26 настай бүсгүй тодорчээ.

Г.Батцэцэг сумынхаа “Наранзаяат” дэлгүүрээс 8,500 төгрөгөөр гэртээ хүнсний бүтээгдэхүүн худалдан аваад азтан болсон байна.

Шагналаа авахаар гэр бүлийнхэнтэйгээ Улаанбаатар хотод ирээд байгаа Г.Батцэцэгт 50 сая төгрөгийн батламжийг өнөөдөр ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа, Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төвийн захирал Ц.Орхонтамир нар гардуулж өглөө.

 
"Гэртээ 8,500 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн аваад азтан болчихлоо"

Энэ үеэр 50 сая төгрөгийн супер азтан Г.Батцэцэгийн сэтгэгдлийг сонслоо. 

 

-Юуны өмнө 50 сая төгрөгийн азтан болсонд баяр хүргэе. Азтан болсноо яаж мэдсэн бэ?

-Баярлалаа. Сугалааны хонжвор нь өнгөрсөн Ням гарагт явагдана гэдийг мэдэж байсан ч тухайн өдөр манай суманд тог тасарсан байсан болохоор тохирлыг үзэж чадаагүй. Нэг дэх өдөр утсанд та супер азтан боллоо гэсэн мессеж ирсэн. Тэгээд азтан болсноо мэдсэн. Эхэндээ мэдээж итгэж өгөхгүй байсан. Дараа нь утсаар залгаж та азтан болсон байна, 25-ны өдөр ирж  супер шагналынхаа мөнгийг авна уу гэж залгахад нь сая нэг итгэсэн гэх үү дээ. 

-Та ямар дэлгүүрээс худалдан авалт хийсэн бэ. Азтан болсон гэдгээ дэлгүүрийнхэнд хэлсэн үү?

-Манай Наран сум 10 гаруй дэлгүүртэй. “Наранзаяат” дэлгүүрээс гэртээ 8,500 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн аваад азтан болчихлоо. Хотоос та азтан болсон байна гэж утсаар ярьсан өдөр шууд наашаа хөдөлсөн болохоор худалдан авалт хийсэн дэлгүүрийн хүмүүст хэлж амжаагүй байгаа. 

-Өнгөрсөн жил бас азтан болж байжээ?

-2017 оны зургадугаар сарын баримтаар 100 мянган төгрөг хожсон. Тухайн үед дэлгүүрээс 6,100 төгрөгийн худалдан авалт хийж азтан болсон. Энэ удаа бүүр супер шагналын азтан боллоо. 

-Дөнгөж сая супер шагнал болох 50 сая төгрөгийн батламжаа гардаж авлаа. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Маш их баяртай байна. Одоо ч гэсэн азтан болсондоо итгэж өгөхгүй байна.  Миний хувьд хамгийн анх НӨАТ-ыг бүртгүүлээрэй гэж зарлаж эхэлсэн үеэс баримтуудаа бүртгүүлдэг болсон. НӨАТ-ын баримтаа бүртгүүлж байгаарай гэж хэлмээр байна. 

-Шагналынхаа мөнгөөр юу хийхээр төлөвлөж байна?

-Эмчилгээндээ л зарцуулна гэж бодож байна. 

"Охиноо хөл дээрээ босоод явчихаасай гэж хүсэж мөрөөддөг"
 

Охиныхоо супер шагналын эзэн болсон баярт мөчийг хуваалцахаар хамт хүрэлцэн ирээд байгаа Г.Батцэцэгийн аав ээжийнх нь сэтгэгдлийг сонслоо.

Аав Ч.Гомбожав:

Би хоёр охин, нэг хүүтэй. Батцэцэг бол миний дунд охин. Охиноо азтан болсонд их баяртай байна. Охин маань гэрийн баримтуудыг гар утсаараа тогтмол бүртгүүлдэг. Тэрнээс биш эхнэр бид хоёр баримт бүртгүүлэх байтугай интернэт рүү ч нэвтэрч мэдэхгүй шүү дээ. 

Ээж: Д.Тэгшээ:

Гаднаас орж ирсэн чинь охин маань ээж ээ, охин нь мөнгө хожсон байна, утсанд нь мессеж ирсэн гэж ихэд баяртайгаар угтсан. Сайхан завшаан л даа. Том охин хүргэн хоёр маань ирж шагналаа аваарай гэж байгаа юм чинь бүгдээрээ хот орьё гэж хэлсэн. Охиноо супер азтан болсонд баяртай байна. Монголынхоо бүх ард түмэнд хандаж НӨАТ-ынхаа баримтаа сайн оруулж байгаарай, супер азтан болоход их ойрхон байдаг юм байна шүү, үнэн зөв байдаг юм байна гэж хэлье даа. 

-Танай охин сая шагналынхаа мөнгийг эмчилгээндээ зарцуулна гэж байсан. Ямар оноштой байгаа вэ?

-Миний охин найман настайгаасаа эхлээд хөгжлийн бэрхшээлтэй болсон. Дөнгөж нэгдүгээр ангид ороод  байж байх үед гэнэтийн саажилт өгөөд  бүсэлхийнээс доошоо мэдээгүй болж үсгээ ч гүйцэд үзэж чадалгүй ингээд хөгжлийн бэрхшээлтэй болчихсон. Анхандаа чадах чинээгээрээ сайн гэсэн эмч болгонд хандаж охиноо үзүүлсэн. Эмнэлгүүдээр явж эмчилгээ хийлгүүлсэн. 2008 онд гадагшаа явж эмчилгээ хийлгэвэл хөл дээрээ босох магадлалтай гэж эмч нар хэлсэн. Эмчилгээнийхэн зардал 100 сая орчим төгрөг байсан. Бидний хувьд эрхэлсэн ажилгүй, өрхийн орлого муугаас болж охиноо гадагшаа авч явж эмчлүүлж чадаагүй. Тэрнээс хойш 10 жил болсон байна. 

Гадагшаа явж эмчилгээ хийлгүүлэхэд 50 сая төгрөг мэдээж хүрэлцэхгүй л дээ. Гэхдээ яахуу Монголдоо зохих ёсны өөрт нь таарч тохирох ямар л эмчилгээ оношилгоо  байна тэр бүгдийг хийлгэнэ гэж бодож байна. 
Миний охин дэндүү сайхан сэтгэлтэй. Охинд маань суга таягтай ч болов хоёр хөл дээрээ босоод явчих юмсан гэсэн хүсэл мөрөөдөл бий. Эх хүний хувьд би ч гэсэн охиноо хөл дээрээ босоод явчихаасай гэж хүсэж мөрөөддөг.