Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп эвгүй байдалд орохгүйн тулд түрүүлж уулзалтыг цуцалсан гэжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сарын 12-нд Сингапурт Ким Жон Унтай хийхээр төлөвлөсөн уулзалтаа цуцалж байгааг гэнэт зарласан билээ.

Хойд Солонгосын тал түрүүлж уулзалтыг цуцлан Вашингтоны засаг захиргааг эвгүй байдалд оруулахаас болгоомжилсон Трамп яаран ийм алхам хийсэн гэж албаны эх сурвалж NBC сувагт ярьсан байна.

Лхагва гарагт тэр дэд ерөнхийлөгч Майк Пэнс, төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Цагаан ордны тамгийн газрын дарга Жон Кэлли, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон нартай энэ талаар анх зөвлөлджээ. Улмаар Пүрэв гарагийн өглөө Трамп Ким Жон Унд бичсэн захидлаа дэлгэж, уулзалтыг цуцлах болсноо зарласан юм.

Трампын гэнэтийн шийдвэр АНУ-ын хууль тогтоогчид, холбоотнууд, түүн дотроо Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Инийг гайхшруулсан байна.

Бас Трампын мэдэгдлийг гарахаас хоёрхон цагийн өмнө АНУ-ын төрийн департмент Азийн холбоотон орнуудын удирдагчдад ирэх сард болох уулзалтыг хэрхэн үр бүтээлтэй зохион байгуулах талаар захидал илгээгээд байжээ.

Албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хоёр ч удаа Пёньянд айлчилж, Ким Жон Унтай уулзсан төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Трамп-Кимийн уулзалтыг зохион байгуулахын тулд нэлээд хичээж ажилласан байна. Харин Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх, дайнч хатуу үзэл бодлоороо алдартай Жон Болтон түүнтэй санаа зөрөлддөг байсан гэнэ. Энэ удаа Болтон Трампын шийдвэрт нөлөөлсөн гэх мэдээлэл тараад байна.

 

Эх сурвалж: NBC, The Washington Post