“Улаанбаатар номын баяр” Д.Сүхбаатарын талбайд 23 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. “Хүссэнээрээ уншицгаая" уриатай энэ жилийн баяр өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх юм.
Баярын үеэр уншигчид номын зохиолчтой уулзаж, хуучны ховор содон номнууд олж авах, зохиолчид шинэ бүтээлээ дэлгэх боломжтой. Энэ жилийн баярт “Тагтаа”, “Нэпко”, “Монсудар” зэрэг олонд танигдсан хэвлэлийн газрууд болон зохиолч, орчуулагчид оролцож бүтээлээ 20-70 хувийн хямдралтай худалдаалж байна.
Номын баярыг зохион байгуулагч Б.Болор “Энэ жилийн баярт шинэ зохиолчид, залуу уран бүтээлчид олноор нэгдсэнээрээ онцлог болж байна. Мөн Ардын уран зохиолч П.Бадарч, нэрт орчуулагч Т.Төмөрхүлэг нарын хүндтэй хүмүүс оролцоно” гэв.
Номын баярт оролцож буй иргэн Э.Ганхуягтай ярилцлаа.
- Энэ удаагийн баярын үйл ажиллагааны талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
- Улаанбаатар номын баяр өргөн дэлгэр сайхан болж байна. Сэтгэгдэл их өндөр байна.
- Та хэзээнээс ном шимтэн уншиж эхэлсэн бэ. Ямар төрлийн ном унших дуртай вэ?
- Дунд сургуулийн уран зохиолын хичээлээсээ л эхлэн уран зохиолын ном сонирхож уншиж эхэлсэн. Жил ирэх бүр ном шамдан унших залуусын тоо нэмэгдэж буйд их баяртай байна.
ФОТО
Гэрэл зургийг mpa.mn