Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Америк залуус эцэг эхтэйгээ амьдрах нь улам бүр нэмэгдэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Майкл Ротондо, эцэг эхийн хамт шүүх хурал дээр

Энэ долоо хоногийн эхээр 30 настай залууг эцэг эхийнх нь гэрээс албадан явуулах шийдвэрийг АНУ-ын шүүх гаргасан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ.

Гэхдээ төрсөн гэрээсээ хөөгдсөн Майкл Ротондо нь найман жилийн турш эцэг эхээрээ тэжээлгэж, ажил хийлгүй амьдарч байсан нь дээрх шийдвэрийг гаргах үндэс болсон юм.

2017 онд хийсэн Pew Research Center байгууллагын судалгаагаар АНУ-ын 25-35 насны ганц бие залуусын 15 хувь нь эцэг эхтэйгээ амьдарч байжээ. Тус байгууллагын 2018 оны судалгаагаар 18-34 насны Америк залуусын дунд хамгийн түгээмэл амьдрах орчин нь эцэг эхийн гэр болохыг мөн гаргасан байна.

Ийм залуусын тоо цаашдаа ч өсөх хандлагатай байгаа гэнэ. АНУ-ын Хүн Амын бүртгэлийн газрын тоо баримтад өгүүлснээр сүүлийн олон арван жилийн туршид эцэг эхтэйгээ амьдардаг залуусын тоо хэмжээ бараг жил бүр өссөн байна.

2016 онд 25-34 насны эрчүүдийн 18.3 хувь, эмэгтэйчүүдийн 11.5 хувь нь эцэг эхийнхээ гэрт амьдарч байжээ. Энэ тоо нь 1960-аад оны үед төрсөн гэртээ амьдарч байсан залуусын тооноос бараг хоёр дахин өссөн дүн гэнэ.

Амьдралын ийм хэв маяг өсөн нэмэгдэхэд хүргэсэн хэд хэдэн хүчин зүйл байна.

Нэгдүгээр шалтгаан нь гэрлэх нас хойшилсонтой холбоотой гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Олон жилийн өмнө залуус 20 нас хүрээд удалгүй гэрлэдэг байсан ба энэ нь тэдний тусдаа амьдрах шалтгаан болдог байв.

Тэгвэл өнөөдөр гэрлэлтийн нас бараг 10 жилээр хойшилжээ.

Үүнээс гадна амьжиргааны өртөг нэмэгдсэн, цалин хангамжийн өсөлт удаан байгаа, үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн зэрэг шалтгаанууд залуусыг тусдаа гарахад саад болж байгаа гэж үзсэн байна.

Гэхдээ залуусын бие даах хүртлээ мөнгө хураах, ажил мэргэжилдээ шат ахих, мэдлэг боловсролоо дээшлүүлэх зэрэг төлөвлөгөө тооцоотой байдал нь эцэг эхчүүдийн хувьд тэднийг гэртээ хэсэг хугацаанд амьдруулахыг зөвшөөрөх гол нөхцөл болдгийг шинэхэн насанд хүрэгсдийн амьдралыг судалж байгаа Кларк их сургуулийн сэтгэл зүйн ухааны профессор Жефри Арнетт тодорхойлжээ.

Сүүлийн 20 жил энэ сэдвээр ажиллаж байгаа Арнетт профессор “Үр хүүхэд нь ямар нэг амьдралын төлөвлөгөөтэй байх үед эцэг эхчүүд нь тэднийг гэртээ байлгахдаа таатай байдаг” гэсэн байна.

“Гэр бүл дотроо бие биенээ дэмжих нь ичээд байх зүйл биш” гэж тэр нэмж хэлжээ.

Харин дээр дурдсан Майкл Ротондогийн хувьд амьдралын төлөвлөгөөгүй, залхуу нэгэн байснаас эцэг эхдээ хөөгдсөн гэж үзэж байна.

 

Эх сурвалж: Time.Com