Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Гонжа Эрим: Нүд юу харсныг би урладаг

Д.Жаргалан, Зууны мэдээ
2018 оны 5 сарын 25
Зууны мэдээ
Зураг зураг

Энэ удаагийн “Урлан” буланд Туркийн Улудаг их сургуулийн Дурслэх урлагийн боловсролын тэнхимийн захирал, дэд профессор, хатагтай Гонжа Эримийг урилаа. Тэрээр график чиглэлээр өөрийн дотоод ертөнцийг илэрхийлдэг Туркийн цөөхөн эмэгтэй зураачдын нэг юм. Гонжа Эрим Урчуудын эвлэлийн хороонд бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ нээгээд байхад нь ярилцсан юм.

-Монголд ирж уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байгаад баяр хүргэе. Уран бүтээлийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Би Монголд анх удаа ирж, дөрөв дэх бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байна. Миний хувьд гурван хэмжээст бүтээл хийхийг хичээдэг. Мод, металл юм уу гантиг чулуун дээр ажиллаад түүнийгээ цаасан дээр зурсан зурган дээр буулгахдаа давхар давхаргаар буулгана.

Тухайлбал, 10 давхар хэвлэмэл мод, металлыг ашиглаж хэлбэр дүрсээ өөрөө гаргадаг. Металл, модон бэлдэцээ бэлтгэхэд хугацаа шаарддаг. Үүнийгээ цаасан дээр буулгасны дараа давхар бүтээлээ гаргана. Мод юм уу сонгосон гадаргуун дээр өөрийнхөө ажилбарыг хийсний дараа түүнийгээ цаасан дээр буулгадаг.

 

-Таны бүтээлүүдийг харахад нүд шиг харагдах юм. Яагаад заавал нүд гэж?

-Үзэсгэлэнд тавьсан бүтээлүүддээ нүдийг дүрсэлсэн. Нүд бидний ертөнцийг харах цонх, гадаад ертөнц, юмс үзэгдэлтэй шууд харилцах эрхтэн. Тухайлбал, бид хоёр хэлээрээ ойлголцохгүй ч нүд нүдээ хараад ойлголцдог. Миний хувьд таарч, учирч байсан амьд бүхний нүднээс олж харсан зүйлээ уран бүтээлдээ тусгахыг хичээ-сэн. Ялангуяа, эрдмийн хичээл ордог байсан багш нарын маань нүд олон зүйлийг илэрхийлдэг. Үүнийг бүтээлдээ тусгаж болох юм гэдгийг оюутан байхдаа олж харсан. Үзэсгэлэнд 56 бүтээлтэй оролцож байна.

-Нүдээр дамжуулж хүмүүст юуг илэрхийлэхийг хүссэн юм бэ?

-Энд олон төрлийн нүд байгаа. Тухайн нүд юу харж байснаа өгүүлнэ. Нүд болгон өөр түүх, өөр өгүүлэмжийг илэрхийлдэг. Нийтэд нь тэр бүхнийг илэрхийлж байгаа өөр өгүүлэмжүүдийн цогцолбор гэх юм уу даа.

 

-Хүүхдийн нүдээр зурсан зураг байгаа юу. Тэдний нүднээс юуг олж харав?

-Хүүхдийн нүд бол дэлхийг илүү сайхнаар, илүү тайван, сэвгүй, цагаанаар хардаг. Тиймээс олон уран бүтээлч хүүхдийн нүдээр ертөнцийг харах гэж хичээж ирсэн. Одоог хүртэл би хүүхдийн нүдээр харж, зурж чадаагүй байна. Би уран бүтээлээ хийхдээ хүүхэд шиг аз жаргалтай байдаг. Үүнийг чухал санаа гэж хүлээн авч байна.

-Та энэ бүтээлүүдээ хэдэн насны хүмүүсээс олж харсан бэ?

-Миний хувьд залуучуудтай их ойрхон ажилладаг. Ялангуяа, их сургуулийн орчинд залуу бүтээлч их байдаг. Тиймээс залуу хүмүүс түлхүү байгаа.

-Нэг уран бүтээлийг ямар хугацаанд хийдэг вэ?

-Хэр олон давхарлах вэ гэдгээс шалтгаалдаг. 3-4 давхартай модон бартай нэг бүтээлийг дунджаар нэг сар, сар хагасын хугацаанд хийдэг. Гэхдээ сар хагасын хугацаанд 1-2 бүтээл дээр зэрэг ажиллаж болно. Сайн бүтээл хийхийн тулд илүү удаан хугацаанд ажиллах хэрэгтэй болдог.

Монотип төрлийн хувьд өдөрт 1-2 бүтээл миний гараас гардаг. Монотип дээр бараа урласны дараагаар шууд цаасан дээр хэвлэх шаардлагатай. Яагаад гэвэл будаг хатахгүй байх магадлалтай. Сийлбэрийн ажил орж байгаа болохоор илүү удаан хугацаанд хийдэг. Хүн гэдэг төгс бүтээл. Хүүхэд эхийн хэвлийд есөн сар 10 хоног бүрэлдэж байна гэхээр сайн бүтээл үүнтэй адилхан.

-Зураачид ихэвчлэн зурахынхаа хажуугаар баримал хийдэг. Таны хувьд яагаад сийлбэрийг сонгосон юм бэ?

-Би 1990 онд Улудаг их сургуулийн Боловсролын сургуулийн урлагийн боловсролын тэнхимийг график дизайны мэргэжлээр төгссөн. Тиймээс хэвлэмэл уран бүтээл суурь эрдмийн хичээлүүдийн нэгд тооцогддог. Үүнээс шалтгаалж энэ төрөл рүү орсон. Ер нь хялбар ажил гэж байхгүй.

-Та Монголоос өөр хаана үзэсгэлэн гаргаж байсан бэ?

-Үндэсний болон олон улсын уралдаан, “Биеннале” олон улсын уран зургийн үзэсгэлэнд оролцсон. Мөн 60 гаруй хамтарсан үзэсгэлэнд оролцож байлаа. Миний бүтээлүүд 2007-2016 онд Румын, Хятад, Итали, Испани, Японд олон улсын “Биеннале”, “Триеннале” үзэсгэлэнд оролцсон.

 

 

Зураг