Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос цөмийн туршилтын талбайгаа өчигдөр дэлбэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Хойд Солонгосын дэглэм тус улсын Пунгири дэх цөмийн туршилтын талбайгаа дэлбэлж, цөмийн зэвсгээс салах алхмаа нэг шатаар ахиулсан байна.

Өмнөд Солонгос, АНУ, Их Британи, Хятад, ОХУ-ын хэвлэл мэдээллийнхэн Мантап уулын бүсэд орших туршилтын талбайг устгах ажиллагааны гэрч болжээ.

Нийт дөрвөн хонгилд цөмийн зэвсэг туршдаг байснаас гурвыг нь өчигдөр дэлбэлсэн байна. Үлдсэн нэг нь ашиглах аргагүй болж, хаагдаад байгаа гэнэ.

Мөн талбайн ойролцоох туршилтыг ажиглах зориулалттай байгууламжуудыг буулгажээ.

Хойд Солонгосын цөмийн судалгааны хүрээлэнгийн мэдэгдэлд “Манай улс цөмийн зэвсэг туршихаа зогсоож байгаагийн илрэл болгож туршилтын талбайгаа бүхэлд нь устгалаа” гэсэн байна.

Мөн “Туршилтыг зогсоосноор дэлхий нийтээр цөмийн зэвсгээс ангижрах үйл явцад чухал алхам болж байна” гээд цөмийн зэвсэггүй, амар амгалан дэлхий ертөнцийг бий болгоход Пёньяны оруулж буй хувь нэмрийг онцолжээ.

Өчигдөр эхний хонгилыг өглөөний 11:00 цагт дэлбэлсэн байна. Ашиглагдахаа больсон нэг хонгилд 2006 онд Хойд Солонгос анхны цөмийн зэвсгээ туршиж байжээ. Сүүлд эндээс цацраг идэвхит бодис алдагдах болсон тул амыг нь бүр мөсөн хаасан байна.

Хоёр дахь хонгилд 2009-2017 оны хооронд таван туршилт хийж байжээ. Харин гурав ба дөрөв дэхь хонгилуудыг ашиглаагүй, нөөцөлж байсан гэнэ.

 
 

 

Эх сурвалж: Korea Times