Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны рокер ахын тухай дипломатчийн дурсамж номонд өгүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд нэг ах, нэг охин дүү бий. Үүнээс гадна эцэг нэгтэй ах Ким Жон Нам нь өнгөрсөн онд Малайзад алагдсан билээ.

Охин дүү Ким Ёо Жон нь сүүлийн үед олон улсын харилцаанд ил гарах болсныг дэлхий нийтээр мэднэ. Харин удирдагчийн ах Ким Жон Чул нь 2015 оны тавдугаар сард Лондонд зочилсноосоо хойш сураггүй байгаа юм.

Тэр улс төрийн ямар ч албан тушаалгүй, түүний зураг, дүрс хэвлэлээр огт харагддаггүй.

Жон Чулыг Пёньянд хөшигний ард нууцаар амьдардаг гэсэн цуу яриа байдаг. 

Тэгвэл Хойд Солонгосын Лондон дахь дипломатч байгаад 2016 онд Өмнөд Солонгост дүрвэсэн Тай Ён Хо саяхан дурсамж номоо хэвлүүлжээ. Түүний номонд Ким Жон Чулын тухай тодорхой бичсэн байна.

Тай Ён Хо түүнийг “хөгжим, гитарт галзуу дуртай хүн” гэж тодорхойлжээ.

Ялангуяа Британий хөгжмийн уран бүтээлч Эрик Клэптоны галзуу фэн байсан гэнэ.

Жон Чул 2015 оны тавдугаар сард Лондонд болсон Эрик Клэптоны тоглолтыг үзэхээр ирэхэд Тай анх уулзаж байжээ. Тухайн үед Лондон дахь элчин сайдын орлогч байсан тэр удирдагчийн ахыг тоглолт үзүүлэхэд дагуулж явах гол хүнээр томилогдсон юм байна.

Эхлээд гуравдугаар сард Ким Жон Чул Лондонд ирэх тухай дипломат захиа Пёньянаас иржээ. Тай Ён Хо тоглолтын хамгийн сайн суудлыг захиалах даалгавар авч, дөрөвдүгээр сард нь Хойд Солонгосоос дэд сайдаар ахлуулсан төлөөлөгчид ирж бэлтгэл ажлыг шалгасан байна.

Дараа нь дипломатчид газарчлах, орчуулагчаар ажиллах даалгавар өгчээ. Ким Жон Чул Лондоны нисэх буудалд буумагцаа “Лондонд ирэх хүртлээ би хөгжмийн дэлгүүрийн тухай байнга бодож явлаа” гээд алдарт HMV дэлгүүр рүү шууд явахыг шаардсан байна. Оройн 22 цаг болж байсан тул дэлгүүр хаалттайг тайлбарлахад Жон Чул ихэд уурлаж “Хаалгыг нь цохиод, утастаад нээлгэж чадахгүй юу? Дипломат шугамаар болох биш үү? Чи ингэж чадахгүй гэж үү?” гэх зэргээр асууж байжээ.

Боломжгүйг тайлбарласны дараа тэр зочид буудалд буух хүртлээ үглэн гомдоллож байсан гэнэ. Ингээд Жон Чул Лондонд 61 цаг саатахдаа Эрик Клэптоны тоглолтыг хоёр дахин үзсэн байна. Бас Лондоны HMV дуу хөгжмийн бичлэгийн дэлгүүр, Selfridges их дэлгүүрээр оржээ.

 

Жон Чул өөрийн хайж байсан “Made in U.S” гитарыг авахын тулд 100 км зам туулж, 2,400 фунт стерлинг төлж байсан гэнэ.

Жон Чулыг тоглолт үзэх сургаар хэвлэлийнхэн концерт болох газарт цуглаад байсан тул Британий цагдаагийн хамгаалалт дор тоглолтоо үзжээ. Тэр хүсэж  байсан гитараа авмагц дэлгүүр дотор 40 минутын турш тоглож үзүүлсэн байна. Түүний тоглолт үнэхээр сайн байж, тэр хавьд байсан хүмүүс биширч байжээ.

Улмаар Ким Жон Чул Лондоноос буцах хүртэл гитараа биенээсээ огт салгаагүй тухай Тай Ён Хо дурссан байна. 

Жон Чулыг эхнэр, хүүхэдтэй гэдэг. Тэр Selfridges дэлгүүрээс хүүхдийн хувцаснууд худалдан авч байжээ. Барууны соёлоор хүмүүжсэн Жон Чул Макдональдсын бургер зооглох, архи, тамхи хэрэглэх дуртай нэгэн гэж уг номонд бичсэн байна.

 

Эх сурвалж: Korea Times