Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Японы домогт халаасны хулгайч 69 настайдаа хулгай хийгээд баригджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

1965 онд өсвөр насандаа метронд хулгай хийж анх баригдаж байсан Казуточи Ямагучи саяхан Токиогийн Тоэй Оедо шугамын галт тэргэнд 19 настай эмэгтэйн хэтэвчийг суйлаад цагдаад баригджээ.

Ямагучи гуай хийсэн хэргээ хүлээж, цагдаад “Хэтэвч нүдэнд ил харагдаад байсан тул авахаас өөр аргагүй байсан” гэж мэдүүлсэн байна.

Сул дорой биетэй, таяг тулсан түүнийг цагдаагийн хэсэг рүү баривчлан яваа дүрсийг телевизийн сувгаар үзүүлжээ.

Ямагучигийн гэм хоргүй, тэтгэврийн хөгшний дүр хулгай хийхэд нь тус болдог байсан гэж цагдаа нар үзэж байна. Домогт хулгайч хэдэн удаа хэрэг хийсэн тухай нарийн тоо мэдээлэл байхгүй ч хамгийн анх 1965 онд баригдаж байжээ. Түүнээс өмнө хэдэн удаа хулгай хийсэн нь тодорхойгүй байгаа юм.

Токиогийн хэвлэлүүд түүнийг “Цүнхний мастер Ямагучи” гэсэн алдар нэртэй болохыг мэдээлжээ. Хүн ам нь эрчимтэй хөгширч байгаа Японы нийгэмд ахмадууд гэмт хэрэг үйлдэх нь эрс нэмэгдэж байгаа.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард гаргасан засгийн газрын тоо баримтад шоронгоос суллагдсан 65-аас дээш насныхан хоёр жилийн дотор дахин гэмт хэрэг үйлдэх магадлал хамгийн өндөр байгааг харуулсан байна.

2016 онд нийт 2,498 тэтгэврийн хөгшин дэлгүүр, метронд хулгай хийсэн хэргээр баригдсан нь 1997 оны тооноос дөрөв дахин өссөн тоо юм. Тэдний 70 гаруй хувь нь шоронд ял эдэлж байгаа ажээ.

Ядуу зүдүү байдал гэмт хэрэгт түлхдэг гэж байгаа ч ганцаардсан, хийх ажилгүй, бие эрүүл хөгшчүүл амьдралаа сонирхолтой болгох гэж хулгай хийдэг байх магадлалтай гэнэ.

Тухайлбал есөн жилийн турш баригдалгүй ажилласан хулгайч өнгөрсөн аравдугаар сард баригдахад 74 настай Мицуаки Танигава хэмээх ахмад байж цагдаа нарыг алмайруулж байжээ.

Цагдаа нарын дунд Хэйсэй Нинжа гэж хочлогддог байсан Танигава нь 200 гаруй удаа айл гэр, албан байгууллага, дэлгүүрт хулгай хийж, 29 сая иений ($265,000) хохирол учруулсан байна. 

Толгойноосоо эхлээд хөлийн ул хүртлээ хар өмсгөлтэй хулгайчийн хөнгөн шингэн зугтаж байгаа дүрс хэргийн газрын хяналтын камерт үлддэг байжээ.

 

Эх сурвалж: ANN News