Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нууцлаг дуу чимээний улмаас Хятад дахь АНУ-ын консулын ажилтны тархи гэмтжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хятадын өмнөд хэсгийн Гуанжоу хот дахь АНУ-ын консулын ажилтан ямар нэг нууцлаг дуу авианы улмаас тархиндаа гэмтэлтэй болсон байна.

Өнгөрсөн онд Куба дахь Америкийн дипломат ажилтнуудад бас ийм явдал тохиолдож байсан юм. 

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өөрийн ажилтанд илэрсэн шинж тэмдгийг Хавана дахь Америкийн дипломат ажилтнуудад тохиолдсон явдалтай тун адилхан байгааг мэдэгджээ.

Тэр анагаах ухааны мэргэжилтнүүд Хятадыг зориод байгаа, Хавана болон Гуанжоуд яг юу болсныг тодорхойлохоор ажиллаж байгаагаа конгрессын байнгын хороонд тайлбарласан байна.

Хятадын тал мөн мөрдөн шалгах ажиллагаанд туслахаа илэрхийлсэн гэнэ. Гуанжоугийн консулын ажилтан 2017 оны сүүлчээс энэ оны дөрөвдүгээр сарын хооронд ямар нэг нууцлаг дуу авиа, эсвэл долгионы нөлөөнд орсны улмаас тархиндаа гэмтэл авсан байна.

Хятадын гадаад хэргийн сайд Ван И “Бид ийм дуу авианы тоног төхөөрөмж хэрэглэж байгаа ямар нэг байгууллага, хувь хүнийг олоогүй байна. Бид АНУ-ын талтай дипломат шугамаар холбоотой ажиллаж байгаагаас гадна Америкчуудыг дотооддоо шалгалт хийхийг санал болгосон” гэж мэдэгджээ.

Тэр бас уг хэрэг явдлыг улс төржүүлэхгүй байхыг Вашингтонд анхааруулсан байна.

Консулын ажилтны тархинд гэмтэл учирсныг эрүүл мэндийн шинжилгээгээр баталсны дараа өчигдөр АНУ-ын төрийн департмент Хятадад байгаа иргэддээ хандаж анхааруулга гаргажээ.

Анхааруулгад дипломат болон дипломат бус ямар ч зорилгоор Хятадад байгаа иргэд хэвийн биш дуу авиа, шуугиан мэдрэгдвэл хаанаас гарч байгааг нь хайхын оронд байгаа газраасаа даруй холдож, эмнэлгийн тусламж авах хэрэгтэйг өгүүлсэн байна.

Өнгөрсөн онд Кубын нийслэлд ажиллаж байсан Америкийн 20 гаруй дипломат ажилтан чанга дуу чимээ сонссоныхоо дараа дүлийрэх, тархиндаа гэмтэл авах зэрэг эрүүл мэндийн асуудалтай тулгарч байв.

Зарим шинжээчид энэ явдлыг хэн нэгэн цахилгаан соронзон зэвсэг ашигласны үр дүн гэж сэжиглэж байсан юм. Уг хэрэг явдлын дараа Вашингтон дипломат ажилтнуудаа буцааж, иргэдээ Кубад зорчихгүй байхыг сануулснаар хоёр орны харилцаа муудаж байв.

 

Эх сурвалж: The Guardian