Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны шашны удирдагч АНУ-ыг “Том, Жерри”-гийн мууртай зүйрлэв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Ираны шашны тэргүүн Аятолла Аль Хамени өчигдөр төрийн албан хаагчдын өмнө үг хэлэхдээ АНУ-ыг “Том ба Жерри” энимэйшн киноны мууртай зүйрлэжээ.

Тэр АНУ сүүлийн 40 жил Ираныг унагахын тулд улс төр, эдийн засаг, зэр зэвсэг, суртал нэвтрүүлгийн гээд олон арга хэрэглэж байгаа ч энэ бүхэн бүтэлгүйтлээр дуусдгийг хэлээд Вашингтоны эрх баригчдыг “Том ба Жерри” киноны муур шиг дахин дахин ялагдах болно гэж зүйрлэн ярьсан байна.

78 жилийн өмнө анх бүтээгдэж байсан энэхүү энимэйшн кинонд Жэрри хулгана өөрөөсөө том биетэй муурыг үргэлж чадаж байгаа тухай гардаг юм.

Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Иранд хандаж 12 зүйл бүхий шаардлагыг зарласан билээ. Хэрвээ эдгээрийг биелүүлэхгүй бол түүхэнд байгаагүй хатуу хориг арга хэмжээг Ираны эсрэг хэрэгжүүлнэ гэдгээ тэр мэдэгдсэн юм.

Тэгвэл Хамени эдгээр шаардлагыг хүлээн авах боломжгүй, АНУ бол тохиролцож болдоггүй, амлалтаа биелүүлдэггүй, итгэлгүй түнш гэж мэдэгдсэн байна. 2015 онд байгуулсан Ираны цөмийн гэрээнээс АНУ гарч байгааг Дональд Трамп энэ сарын эхээр зарласан юм.

Исламын шашны санваартан хүн хэдий ч Хамени өрнийн соёлд таатай ханддаг. Тэр Францын зохиолч Виктор Хюгогийн “Шоовдорлогсод” (Les Miserables) зохиолыг “түүхэнд бичигдсэн хамгийн шилдэг роман” гэж өргөмжилж байсан удаатай.

 

Эх сурвалж: Bloomberg