Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хүсэхэд хясах ипотекийн зээл

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанк ипотекийн зээлийн талаар өчигдөр нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгснийг багцлан хүргэе. Ипотекийн зээл 2018 оны турш хэрэгжих бөгөөд Засгийн газар болон Монголбанкны зүгээс эх үүсвэрийг банкуудад сар бүр тогтмол олгож байгаа аж. 

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Засгийн газар 29.4, Монголбанк 64 тэрбум төгрөгөөр тус тус энэхүү хөтөлбөрийг санхүүжүүлсэн байна. Зөвхөн дөрөвдүгээр сард 657 иргэн, эхний дөрвөн сард нийт 1,363 өрх банкны зээлд хамрагдаж, шинэ орон сууцтай болжээ.

 

Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 5,828 иргэн шинэ орон сууцанд орсон бол энэ онд 4,800 өрхийг ипотекийн зээлд хамруулна гэсэн тооцоо байна.

График 1,  2018 оны ипотекийн зээлд хамрагдсан өрхийн тоо, 

График 3, Ипотекийн зээлийн зах зээл дэх нөлөө, 

 

Зээлд хамрагдаж буй иргэдийг насны байдлаар нь авч үзвэл нийт олгосон зээлийн 44 хувийг 25-35 насныхан, 37 хувийг 35-45 насныхан эзэлжээ. Зээлийн дундаж хэмжээ 75 сая ба 20 жилийн хугацаатай. Өөрөөр хэлбэл, иргэд дунджаар 110 орчим сая төгрөгийн орон сууцыг хамгийн урт хугацаатайгаар авах сонголт хийж байна. Энэ нь хөтөлбөр зорилтот бүлэгтээ хүрч чадаж байна гэж дүгнэхэд хүрч байгааг Монголбанкны мэргэжилтэн А.Энхжин тайлбарласан.

Гэвч төлбөрийн тал дээр хамгийн их хардалт төрүүлдэг сэдэв нь зээл төлөх график. Иргэн Болд 100 сая төгрөгийн үнэтэй орон сууц худалдан авахад 30 сая төгрөгийг урьдчилгаанд төлөх ёстой. Үлдсэн 70 сая төгрөгийг жилийн найман хувийн хүүтэй төлөхөд банкны тооцооллоор 20 жилийн хугацаанд сар бүр 585,508 төгрөг төлнө. Ийм хэмжээний зээл төлөхийн тулд эхнэр, нөхөр сард 1.3 сая төгрөгийн цэвэр орлоготой байх шаардлагатай. 

Ингээд байрныхаа ордерыг өөрийн нэр дээр шилжүүлж авах хүртлээ иргэн Болд 140.5 сая төгрөг буюу зээлсэн мөнгөө банкинд хоёр дахин нугалж төлж байгаа юм.

Банкууд иргэдээ шулж байна гэдэг яриа яг энэ тооцооллоос болж гардаг. Монголбанк үүнд тайлбар өгсөн юм.

Сарын төлбөрийг тэнцэтгэх аргачлалаар гаргасан дээрх тооцоо нь иргэдэд санхүүгийн дарамт болохгүйгээр удаан хугацаанд тогтвортой төлөх боломжтой гэж үзжээ. Эхний жилүүдэд хүүгийн төлбөр татагдаад үндсэн төлбөр хасагдахгүй мэт харагдаж байгаа ч яваандаа хүүгийн төлбөр багасаж, үндсэн төлбөр илүү хасагдах зарчимтай гэв. 

Нөгөө талаар, үндсэн төлбөрийг тэнцэтгэх аргачлал буюу шууд үндсэн төлбөрөөс ахиухан хасагдах тооцоо бас байна. Яг адилхан 70 сая төгрөгийн зээлийг жилийн найман хувийн хүүтэй аваад үндсэн төлбөрийг тэнцэтгэх аргачлалаар төлөхөд сард төлөх дүн нь 767,283 төгрөг болох аж. Гэвч ингэж төлөхийн тулд тухайн өрхийн сарын цэвэр орлого 1.7 сая төгрөг байх шаардлагатай. 

Гэтэл бодит байдал дээр гэр хороололд амьдарч буй, орон сууцанд орохыг хүсэж буй иргэдийн орлого энэ хэмжээнд хүрэхгүй. Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн ердөө 19.6 хувь нь 1.5-2 сая төгрөгийн орлоготой байгаа судалгааг үүнийг баталж байна. 

Өөрөөр хэлбэл, иргэдийн хүсээд буй үндсэн зээлээс шууд ихээр хасагдах тооцооллоор ипотекийн зээлийн хөтөлбөр явбал зорилтот бүлэг орон сууцтай болох боломж маш бага, бараг хүртэхгүй шахам гэж ойлгож болно. Ийм зарчмаар иргэн зээлээ төлбөл 70 сая төгрөгийг 20 жилийн хугацаанд санхүүгийн дарамттайгаар 126.3 сая болгож төлөх нь. Тиймээс иргэдэд ачаалал болохгүйн үүднээс сарын төлбөрийн тэнцүү  тооцооллын аргачлалыг ашиглаж байгааг Монголбанкнаас тайлбарласан. 

Бас нэг тайлбар. Урьдчилгаа төлбөрийн хувийг бууруулах нь зээл олгож буй банкуудад эрсдэлтэй. Тиймээс орон сууцны зээлийн урьдчилгааг 30-аас доош хувь болгон бууруулах боломж бараг үгүйг шуудхан хэлсэн. Тийм учраас урьдчилгаа төлбөр, зээлийн хуу буурна гэж горьдох шаардлагагүй аж. Хэрэв урьдчилгаа нөхцөлийг бууруулбал ипотекийн зээлийн хөтөлбөр нэг мөсөн нурж мэдэх юм.

Зээлийн эрэлт мэдээж маш өндөр байгаа. “Тэнхлэг зууч”-аас гаргасан судалгаа ч үүнийг илтгэж байна. Ирэх гурван жилд 33,100 өрх орон сууцанд орох эрэлт байгаа​ бол нийлүүлэлт 38,500 гэсэн давсан үзүүлэлттэй байна. Эдгээр өрхийн дийлэнх нь 41-60 ам метр талбай бүхий орон сууцанд орох хүсэлтэй. Харин зах зээлд 40 хүртэл ам.метр талбай бүхий орон сууц илүүдэлтэй байна. Энэ судалгаанд барилгын салбарынхан илүү анхаарлаа хандуулж, иргэдийн эрэлтэд нийцүүлэн хөрөнгө оруулалтаа хийх нь зөв болов уу. 

Ирэх гурван жилд 33,100 өрх орон сууцанд орох эрэлт байгаа бол нийлүүлэлт 38,500 гэсэн давсан үзүүлэлттэй байна.

Монголбанкны мэдээллийн үеэр мэдээж нэг асуудал хөндөгдсөн. Албаны хүмүүс хэдийгээр сайн сайхан тоо хэлж, болж бүтэж байна гэж мэдээлж байгаа ч бодит байдал дээр иргэд банкны хаалга мөргөж байгааг энд асуусан. “Зөвхөн манай банкны санхүүжилтээр барьсан орон сууцнаас худалдан авбал найман хувийн зээлд хамруулах боломжтой” зэрэг хариулт иргэдийн амыг таглаж буй нь үнэн. Тэгвэл Монголбанк энэ асуудал дээр ямар нэгэн зохицуулалт хийх боломжгүй гэдгээ мөн хэлсэн. 

Хөтөлбөрийн санхүүг хариуцаж, иргэдтэй шууд холбогдож байгаа байгууллага нь банк. Тиймээс зээлийн шаардлагыг хэрхэн тавихаа банк шийдэж байгааг тэд хэлсэн. Банкууд зээлийг эрсдэлд оруулахгүй байх үүднээс шаардлагаа тавьж байгаа ажээ. 

Үндсэндээ иргэн та найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж, тохилог орон сууцтай болохыг хүсвэл банкнаас тавьж буй шаардлагуудыг биелүүлэхээс өөр аргагүй нь. 
Дээрх тэр олон шалгуур таныг хясах ч хүсвэл та байртай болох боломжийг үргэлжлүүлэн олгож байгаа нь яамай. Хэрэв чанаргүй бөгөөд хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ бага байснаар банкууд өөрийн хөрөнгөөр орон сууцны зээл олгох хандлага нэмэгдэх юм. 

Ипотекийн зээлд хамрагдсан иргэд мэдэж байгаа байх. Зээлийн гэрээ байгуулахад даатгалын нэг жилийн гэрээ байгуулж, тодорхой мөнгө тушаадаг. Харин дараа жилээс нь иргэд даатгалаа сунгах эсэхээ сонгодог. Энэ сунгалтыг жил бүр хийж, даатгуулж байсан нь өлзийтэй болохыг сануулахад илүүдэхгүй байх. Учир нь зээл авсан айлын гол орлого олдог иргэнд хөдөлмөрийн чадвараа алдах, амь насанд нь аюул учрах зэрэг болзошгүй нөхцөлд дээрх даатгал тухайн гэр бүлийг аврах юм.

Хөтөлбөр хэрэгжсэн өнгөрсөн хугацаанд хөрөнгийн даатгалаас 312 иргэн 0.2 тэрбум, амь нас, гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгалаас 197 иргэн 2.8 тэрбум төгрөгийн нөхөн олговор авчээ. Үүний 28 тохиолдол нь хөдөлмөрийн чадвараа алдсан, 169 тохиолдол нь нас барсан байна.   

Нүүрснээсээ салж, агаар, хөрс, ус, тоосжилт гээд олон бохирдлоос Улаанбаатар хотыг ангижруулах төгс гарц нь орон сууцжуулах төсөл. Тийм ч учраас ипотекийн зээлийн ач холбогдол өндөр бөгөөд орон сууцтай болохыг хүсдэггүй хүн үгүй. Арилжааны банкинд энэ оны эхний улиралд тус зээлд хамрагдах 500 хүсэлт ирсэн нь үүний нотолгоо юм. 

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 380 мянган өрх байгаагийн 216 мянга нь гэр хороололд амьдарч байна. Нийслэл маань 216 мянган яндан, 216 мянган нүхэн жорлонгоосоо салж, орчин үеийн хотуудын энд очихын тулд орон сууцжуулах хөтөлбөрийг тууштай явуулахаас өөр сонголт байхгүй. Гэр хорооллоор хаяглаж буй тэр олон иргэнд энэ төслийг хүртээхийн тулд хясаад байгаа тэр хүнд шалгууруудаа өөрчлөх эсвэл эдийн засгаараа өөд нь татах гэсэн хоёр л сонголт харагдаж байна.