Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Трамптай уулзуулж өгөхийн тулд өмгөөлөгч нь Украинаас $400,000 авсан гэжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд Порошенког Вашингтонд айлчлахын өмнө түүнийг Дональд Трамптай уулзуулж өгөхийн тулд Трампын өмгөөлөгч Майкл Коэн $400,000-ыг нууцаар авч байсан тухай Украины тагнуулын газарт өндөр албан тушаал хашдаг хүн BBC агентлагт ярьжээ.

АНУ дахь Украины лобби бүлэг Цагаан ордны уулзалтыг зохион байгуулах боломжгүй болсноос ийм арга хэрэглэсэн гэнэ. Зарим эх сурвалж Коэны авсан мөнгөний хэмжээг $600,000 гэж мэдээлжээ.

Коэн одоо порно киноны жүжигчин эмэгтэйд “ам хаах” зорилгоор Трампын өмнөөс $130,000 төлсөн гэх хэрэгт сэжиглэгдэж байгаа юм. Бас түүнийг Трамп ба Оросын хэлхээ холбоог мөрдөх ажлын хүрээнд шалгаж байгаа.

 
Майкл Коэн

Дээрх мэдээллийг Украины ерөнхийлөгч Петро Порошенкогийн албанаас эрс няцаасан байна. “Украин-АНУ-ын дээд хэмжээний уулзалт 2017 оны зургаадугаар сард дипломат шугамаар, тодруулбал АНУ дахь Украины элчин сайдын яамаар дамжиж зохион байгуулагдсан” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.

Майкл Коэн өөрөө дээрх мэдээллийг бас няцаасан байна. Мөнгийг Украины ерөнхийлөгч Петро Порошенкогийн төлөөний хүмүүс Коэнд төлсөн тухай эх сурвалж мэдээлжээ.

АНУ-ын Гадаад Агентуудын Бүртгэлийн хуульд зааснаар хэрвээ хэн нэгэн аль нэг улс орныг төлөөлөн лобби хийж, өмнөөс нь хүчин зүтгэсэн бол албан ёсоор тухайн улсыг төлөөлөх эрхтэй байх ёстой гэнэ. Харин Коэнд Украиныг төлөөлөх албан ёсны эрх байхгүй тул хэрвээ мөнгө авсан нь батлагдвал хууль зөрчсөнд тооцогдох юм.

 

Эх сурвалж: BBC