Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцийн гишүүнд нэр дэвшигч Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Ш.Солонго, Г.Туулхүү нарыг дэмжлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн талаар хэлэлцэж, энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчдийг санал болгосон бөгөөд энэ саналаа тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-д хүргүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 65.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-ыг тус тус үндэслэн тус захирамжийг гаргажээ.

Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн байна. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Н.Учрал, Б.Дэлгэрсайхан нар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан. Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц юм. Иймд нэр дэвшигчид Үндсэн хуулийг сахин хамгаалах үйл ажиллагаагаа өндөр ёс суртахуунтай, хараат бусаар, хууль дээдлэх зарчимд нийцүүлж ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц улс төр, бизнесийн нөлөөллөөр аливаа асуудалд хандаж, шийдвэр гаргадаг гэх олон нийтийн шүүмжлэл байгааг сануулж, ийм нөхцөл байдлыг өөрчлөх, үйл ажиллагааг бие даасан, хуульд нийцсэн байлгахад анхаарах ёстойг сануулсан. 

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Б.Буяндэлгэрийг, 100 хувийн саналаар нэр дэвшигч Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

 

Үүний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу УИХ-аас санал болгосон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн талаар хэлэлцлээ. Уг саналыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулсан юм. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээл шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заажээ. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно” гэж заасан байдаг.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан УИХ-ын дарга тавдугаар сарын 21-ний өдөр Төрийн байгуулалтын байнгын хороонд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Ш.Солонгын нэрийг дэвшүүлэх тухай албан тоот хүргүүлж, хэлэлцүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэн, нэр дэвшигчийг дэмжсэн тул Монгол Улсын Их Хурлын даргын 107 тоот захирамж гарган Ш.Солонгыг албан ёсоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлсэн байна.

 

Нэр дэвшигчээс асуулт асуух шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн бөгөөд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Олон жил төрийн ажил хийсэн туршлагатай, чадварлаг боловсон хүчин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дэвшин ажиллаж байгаад баяртай байна” гээд амжилт хүссэн юм. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Ш.Солонгыг дэмжлээ.