Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Цөмийн туршилтын талбайг устгах ажиллагааг сурвалжлах сэтгүүлчид Хойд Солонгост хүрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын талаас хэд хэдэн удаа татгалзсаны эцэст өнөөдөр өглөө зөвшөөрөл өгснөөр Өмнөд Солонгосын найман сэтгүүлч үдээс хойш Сөүлээс Вонсан хотод нисэж хүрсэн байна.

Хойд Солонгосын энэ хотод Бээжингээр дамжин Өмнөд Солонгосын өөр найман сэтгүүлч, АНУ, Орос, Хятад, Британий 20 сэтгүүлч өчигдөр буюу Мягмар гарагт очсон юм.

Тэд өнөөдөр орой эндээс цөмийн туршилтын талбай байрладаг Пунгири суурин руу төмөр замаар аялах гэнэ. Олон улсын сэтгүүлчид галт тэргээр 416 км замыг туулсны дараа тэнд хүрэх ба замын нөхцөл байдал муугаас уг аялал 12 цаг үргэлжлэх ажээ.

Далайн түвшнээс 2,205 метр өндөр Мантапсан ууланд оршдог туршилтын хонгилын дөрвөн амны нэгээс цацраг идэвхит бодис алдагдсаны улмаас хаагаад байгаа гэнэ. Үлдсэн гурвыг нь одоо хэвлэл мэдээллийнхний нүдэн дээр нурааж үзүүлэх юм.

Туршилтын талбайг буулгах ажиллагаа цаг уурын нөхцөл байдлаас хамааран өнөөдрөөс эхлэн Баасан гарагийн хооронд зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.

Өнгөрсөн сарын сүүлээр хилийн Панмунжом тосгонд болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр Ким Жон Ун цөмийн туршилтын гол талбайгаа буулгах амлалт өгсөн юм. Уг талбайд хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард Хойд Солонгос түүхэндээ хамгийн хүчтэй бөмбөг туршсан нь тус улсын хувьд зургаа дахь цөмийн туршилт байв.

 

Эх сурвалж: Korea Herald