Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Мадуро АНУ-ын дипломатчдыг Венесуэлиэс хөөлөө

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро өөрийн улсад суугаа АНУ-ын элчин сайдын хэргийг түр хамаарагчийг орлогчийнх нь хамт газар нутгаасаа хөөж байгааг өчигдөр зарлажээ.

Социалист засгийн газрын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, өнгөрсөн долоо хоногийн Ням гарагт болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэж оролдсон гэсэн шалтгаанаар ийм шийдвэр гаргасан байна.

Телевизийн сувгаар мэдэгдэхдээ Мадуро “Америкийн эзэнт гүрэн манайд нөлөөлж чадахгүй” хэмээн хэлээд түр хамаарагч Тод Робинсон, түүний орлогч Брайан Наранио нарыг 48 цагийн дотор улс орноосоо гарахыг шаардсан байна.

“Бид та нарын явуулгыг хангалттай тэвчсэн” гэж тэр энэ үеэр хэлжээ.

Өнгөрсөн сонгуульд Мадуро ялж, ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээр АНУ-Венесуэлийн хоорондын зөрчил улам нэмэгдсэн юм.

Уг сонгуулийн үр дүнг Цагаан ордон “ичгүүртэй явдал” гэж нэрлэсэн байна.

Сонгуулийн өрсөлдөөнд Венесуэлийн гол сөрөг хүчнүүд оролцохоос татгалзсан явдлыг Мадуро АНУ-ын элчин сайдын яамны зохион байгуулсан хэрэг гэж дүгнэжээ. Тэрээр хөөгдсөн хоёр дипломатчийг Венесуэль дэх Тагнуулын Төв Газрын (CIA) төлөөлөгчид гэж нэрлэсэн юм.

Мадуро бас сонгуулийн дараа Венесуэлийн эсрэг эдийн засгийн хоригоо чангалсан Трампын засаг захиргааг өөрийнх нь ард түмний эсрэг түрэмгийлэл явуулж байна гэж шүүмжилжээ.

 

Эх сурвалж: Associated Press