2019/12/10
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,722.35₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-18°
01:00
S20
-14°
02:00
S20
-14°
03:00
S20
-14°
04:00
S20
-13°
05:00
S20
-13°
06:00
S20
-14°
07:00
S20
-14°
08:00
S26
-15°
09:00
S26
-15°
10:00
S26
-14°
11:00
S26
-14°
12:00
S30
-13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эдийн засгийн өсөлтөөс хүн бүр тэгш хүртэж байна уу?

Б.Дөлгөөн
2018 оны 5 сарын 25
iKon.MN

Хэрэглэгчийн хүлээлтийн индексийг 1950-аад оноос хойш хөгжингүй орнуудад эдийн засгийн гол түрүүлэгч индикатор болгон ашигладаг. Түрүүлэгч индикатор нь ирээдүйд болох өөрчлөлтийн хамгийн анхны дохио болж байдгаараа онцлогтой. Иймд бизнес эрхлэгчид болон шийдвэр гаргагч нар нь тус үзүүлэлтийг ашиглан ирээдүйд чиглэсэн төлөвлөлт хийх, эрсдэлээ тооцдог жишиг олон улсад бий болоод удаж байна. 


Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн тайлан 2018 оны I улирал

ХЭРЭГЛЭГЧИЙН ХҮЛЭЭЛТИЙН ИНДЕКС /ХХИ/ юуг илэрхийлдэг вэ?

Эдийн засагт үйлдвэрлэгч, хэрэглэгч, Засгийн газар, Төв банк гэсэн үндсэн 4 төрлийн оролцогчид байдаг. Эдийн засгийн онолд эдгээр оролцогчид нь өөр өөрсдийн үндсэн зорилго болон хүлээлтэд тулгуурлан шийдвэр гаргадаг гэж үздэг. Эдийн засгийн оролцогчдын зорилго тогтвортой байдаг бол хүлээлт хугацааны туршид өөрчлөгдөж байдаг. Иймд эдийн засагт оролцогчдын хүлээлтийг тодорхойлох нь эдийн засгийг таамаглахад чухал ач холбогдолтой юм. Тэгвэл шийдвэр гаргалтын үлдсэн хүчин зүйл болох хүлээлтийг тодорхойлох нь Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн үндсэн зорилго юм.

ХХИ өсөх нь эдийн засаг өсөж, өрхийн орлого нэмэгдэж байгааг харуулах бөгөөд хэрэглэгчид хэрэглээгээ нэмэгдүүлэх цаашлаад хадгаламж, хөрөнгө оруулах шийдвэрт хүргэдэг. Харин ХХИ буурах нь иргэдийн худалдан авалт буюу эдийн засаг дахь эрэлт буурах, идэвхжил сулрах үр дүн бий болохыг илэрхийлдэг. 

Хэрэглэгчийн хүлээлтийн индекс нь эдийн засгийн болон өрхийн санхүүгийн өнгөрсөн жилийн 1 асуулт, одоогийн нөхцөл байдлын 1, ирээдүйн 1 жилийн талаарх 2 асуулт, ирэх 3 жилийн талаарх 1 асуулт буюу нийт 5 асуултаар тодорхойлогддог.  


График 1, Эдийн засагт сэргэлт ажиглагдсан боловч иргэдийн хэрэглээ болон хүлээлтэд тусгалаа олоогүй байна.

Хэрэглэгчийн хүлээлтийн индекс 2017 оны 4 дүгээр улиралд 132 байсан бол 2018 оны эхний улиралд 118.5 гарсан нь өмнөх улирлаас 13.5 нэгжээр буурсан үзүүлэлт юм.

2017 оны эцсээр бодит ДНБ-ий өсөлт 5.1 хувийн өсөлт үзүүлсэн. Гэвч хэрэглэгчийн хүлээлтийн индекс 2018 оны 1-р улиралд буурсан нь өмнөх улирлын өрхийн хэрэглээ буурсантай холбоотой байна.

Өрхийн дундаж зарлага, орлого 2017 оны 4 дүгээр улирлын байдлаар өссөн боловч бодит ДНБ-г бүрдүүлж буй өрхийн бодит хэрэглээ буурсан байна. 2017 оны 4-р улиралд өрхийн хэрэглээ өмнөх улирлаас 1.5 хувиар буурсан бол хөрөнгийн нийт хуримтлал 38 хувиар өссөн байна.

Тус үеийн банкны систем дэх төгрөгийн хадгаламжийн өсөлтийг харвал иргэдийн хадгаламж 10.5 хувиар, байгууллагын хадгаламж 50 хувиар өсчээ. Эндээс харвал эдийн засагт сэргэлт ажиглагдсан боловч иргэдийн хэрэглээ болон хүлээлтэд тусгалаа олоогүй байна.


График 2, Хэрэглэгчийн хүлээлтийг салбараар авч үзвэл Үл хөдлөх болон, худалдаа, боловсролын салбарт хүлээлтийн өсөлт ажиглагдсан байна.

Хэрэглэгчийн хүлээлтийг салбараар авч үзвэл Үл хөдлөх болон, худалдаа, боловсролын салбарт хүлээлтийн өсөлт ажиглагдсан байна. Харин хөдөө аж ахуй, зочид буудал, мэдээлэл холбоо, тээвэр агуулахын салбаруудын ажиллагсдын хүлээлт буурсан байна.


График 3, Бага орлоготой иргэдэд эдийн засгийн өсөлт огт мэдрэгдэхгүй байна

Хэрэглэгчийн хүлээлтийн индексийг орлогын бүлгээр авч үзвэл 2 сая төгрөгөөс дээш орлоготой иргэдийн хүлээлт өссөн бол түнээс доош өрхийн орлоготой иргэдийн хүлээлт буурсан байна. Эдийн засгийн өсөлтийн үед өндөр орлоготой бүлгийн хүлээлтэд өсөлт гарч байгаа үзэгдэл нь эдийн засгийн өсөлтийн хүртээмжтэй байдал сул байгааг илтгэж байна.


График 4, Ажлын байрны олдоц муу байна гэж үзэж байгаа хэдий ч ирээдүйд сайжирна хэмээн харж байна.

Ажлын байрны хүлээлтийн индекс 104.2 гарсан нь ажиллагчид ирээдүйд ажлын байрны олдоц сайжирна гэж хүлээж байгааг илтгэж байна. Ажлын байрны хүлээлт хамгийн өндөр салбар нь төр, батлан хамгаалахын салбар болон үл хөдлөх хөрөнгийн салбар байна. Харин хамгийн муу хүлээлттэй байгаа салбар нь хөдөө аж ахуйн салбар байна.

Ажлын байрны одоогийн үнэлгээний индекс 68.7 буюу 100-аас нэлээн бага гарсан нь ажлын байрны олдоц одоо муу байна гэж хэрэглэгчид харж байгааг илтгэж байна. Харин санхүү даатгалын үйл ажиллагаа болон эрүүд мэнд, уул уурхайн салбарын одоогийн үнэлгээ болон ирээдүйн хүлээлт адил түвшинд байна.


График 5, Инфляцийг хэрхэн таамаглаж байна вэ?

Инфляцийн хүлээлтийг 2017 оны 4-р улиралтай харьцуудахад инфляцийн түвшин буурна гэсэн хүлээлттэй иргэдийн хувь 18-аас 21 хувь болж өссөн байна. Харин тогтвортой гэж хүлээж байсан иргэдийн хувь 41-ээс 39 хувь болж буурчээ. Энэ нь төгрөгт итгэх итгэл сайжирч байгааг харуулж байна.


График 6, Ам.долларын ханшийг хэрхэн таамаглаж байна вэ?

2018 оны байдлаар ам.долларын ханшийн хүлээлтийг өмнөх улиралтай харьцуулбал өснө гэж хүлээж байгаа иргэдийн хувь 41-ээс 49 хувь болж өссөн бол буурна гэж хүлээж байгаа иргэдийн хувь 25-аас 31 хувь болж өссөн байна.


График 7, Санхүүгийн салбарт итгэх итгэл буюу Хуримтлал байршуулалт

Санхүүгийн салбарт итгэх итгэлийг бид хэрэглэгчдийн зээл болон хадгаламжийн үзүүлэлтүүдэд тулгуурлан тодорхойллоо.

Судалгаанд оролцогчдын 57 хувь нь хувийн зээлтэй гэж хариулсан бөгөөд зээлээр бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжийг 66 хувь нь хүндрэлтэй, 26 хувь нь боломжийн, 7 хувь нь хүндрэлгүй гэж хариулсан байна.

Судалгаанд оролцсон хэрэглэгчдийн 42 хувь нь санхүүгийн хуримтлалтай гэж хариулснаас 31 хувь нь банканд төгрөгөөр байршуулсан байна.


Ирэх 12 сарын хугацаанд иргэдийн 61 хувь нь аялахаар,
54 хувь нь машин авахаар төлөвлөж байна

Хэрэглэгчдийн худалдан авалтын хүлээлтийг ирэх 12 сарын хугацаанд автомашин, орон байр, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, аялал гэсэн 4 бүтээгдэхүүнээр тодорхойллоо.

График 8, Автомашины худалдан авалтын хүлээлт, 12 сар

Судалгаанд оролцогчдын 46 хувь нь ирэх 12 сарын хугацаанд автомашин худалдаж авах төлөвлөгөөгүй байгаа бол 12 хувь нь шинэ машин, 17 хувь нь орж ирсэн хуучин машин, 6 хувь нь монголд явсан хуучин машин авахаар төлөвлөж байна. Харин 19 хувь нь ямар машин авах эсэхээ тодорхойлоогүй гэж хариулсан байна.


График 9, Орон байрны худалдан авалтын хүлээлт, 12 сар 

Судалгаанд оролцогчдын 56 хувь ирэх 12 сарын хугацаанд нь орон байр худалдан авахгүй, 8 хувь нь амьны орон сууц, 22 хувь нь шинэ орон сууц, 5 хувь нь хуучин орон сууц, 4 хувь нь хашаа байшин, 5 хувь нь зуслан худалдаж авна гэж хариулсан байна.


График 10, Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн худалдан авалтын хүлээлт, 12 сар

Ирэх 12 сарын гэр ахуйн цахилгаан хэрэгслийн худалдан авалтын төлвийг харвал 60 хувь нь худалдан авалт хийхгүй, 12 хувь нь хөргөгч, 12 хувь нь угаалгын машин, 10 хувь нь ТВ, 15 хувь нь бусад гэж хариулсан байна.


График 11, Аялал жуулчлалын хүлээлт 

Харин аялал жуулчлалын хувьд 39 хувь нь аялал төлөвлөөгүй, 26 хувь нь гадаадад, 34 хувь нь Монголдоо аялахаар төлөвлөж байна.

 

Хавсралт №1. Аргачлал


Энэхүү хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгааг эдийн засгийн 14 салбарын нийт 1097 ажил эрхлэгчийг түүвэрлэн, биечлэн ярилцах замаар хийсэн. Монгол Улсад 2017 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт 1,266.9 мянган хүн ажил эрхэлж байгаа бөгөөд түүврийн хэмжээ нь эх олонлогийг төлөөлөх чадвар 99 хувь байна.

Судалгааны түүвэрлэлт

Салбар

Түүврийн хэмжээ

1

Хөдөө аж ахуй, газар тариалан

75

2

Боловсрол

79

3

Зочид буудал

80

4

Уул уурхай

79

5

Төр батлан хамгаалах

80

6

Үйлчилгээний салбар

80

7

Үл хөлөх хөрөнгө

75

8

Мэдээлэл холбоо

80

9

Боловсруулах

80

10

Барилга

78

11

Санхүүгийн болон даатгал

80

12

Бөөний болон жижиглэн худалдаа

80

13

Тээвэр, Агуулах

79

14

Эрүүл мэнд

71

 

Нийт

1097

Хэрэглэгчийн хүлээлтийн индексийг тооцохдоо “Conference board” –ийн хэрэглэгчийн хүлээлтийн индексийн аргачлалыг ашигласан бөгөөд суурь он нь  2009 оны 4 дүгээр улирал байна.

Бусад үзүүлэлтүүдийн хүлээлтийн индексийг Мичиганы их сургуулиас тооцоолдог хүлээлтийн индексийн аргачлалаар тооцсон. Энэхүү аргачлалын давуу тал нь ямар нэгэн суурь хугацаатай харьцуулах шаардлагагүй. Индексийн утга 100-аас бага байх нь сөрөг хариултын тоо эерэгээс давсаныг, 100-аас их бол эерэг хариулт давсныг илэрхийлдэг. Эерэг сөрөг хандлагын зөрүү хэр их байгааг 100 аас хэр хол ойр байгаагаар нь авч үзнэ.

Хавсралт №2 Тайлбар


Энэхүү Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн түүвэр судалгааг Голомт банкны эдийн засагчид боловсруулсан болно. Судалгаа нь зөвхөн мэдээллийн шинж чанартай бөгөөд мэдээлэл нь аливаа хөрөнгө оруулалтын болон бусад зөвлөмж биш тул энэ төрлийн утгаар шийдвэр гаргалтад нөлөөлөхийг зориогүй болно.

Судалгаанд дурдагдсан мэдээлэл, дүгнэлт нь төлөөлөх чадвар бүхий түүврийн судалгаанд үндэслэсэн боловч зохиогч нь тухайн мэдээлэл, тоон баримтын өмнө хариуцлага хүлээхгүй болно.


“Та Голомт банкны зүгээс зөвхөн бизнес эрхлэгч харилцагчиддаа зориулж гаргадаг "Хэрэглэгчийн Хүлээлтийн Индекс"-ийн 2018 оны 1 улирлын тайланг татаж авахыг хүсвэл энд дарна уу.

Голомт банкны Эдийн засгийн судалгааны алба

  • Г.Нарангоо, Шинжээч
  • Г.Ганзориг, Ахлах шинжээч

Судалгаанд дэмжлэг үзүүлэн ажилласан 

  • ACI оюутны клуб
x