Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Далайн ёроолоос олдсон Испаний хөлөг $17 тэрбумын үнэлгээтэй алт эрдэнэс ачсан байжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

300 гаруй жилийн өмнө Карибын тэнгист живсэн Испаний алт эрдэнэстэй хөлгийг АНУ-ын эрдэмтэд илрүүлжээ.

Олдсон алт эрдэнэсийн үнэлгээ нь өнөөдрийн ханшаар $17 тэрбум хүрнэ гэж тооцоолсон байна. Сан Хосе нэртэй энэ хөлгийг гурван жилийн өмнө Өмнөд Америкийн Колумб улсын эргийн ойролцоо олж байсан ч тухайн үед дэлгэрэнгүй мэдээлэл огт өгөлгүй нууцалсан юм.

1708 оны зургаадугаар сард 62 гунан буугаар зэвсэглэсэн уг хөлөг Британий хөлгүүдтэй дайтаж байгаад живснээр 600 орчим хүний амь үрэгдэж байжээ.

Далайн ёроолд байгаа хөлгийг АНУ-ын Woods Hole Oceanographic Institution (WHOI) хүрээлэнгийн өөрөө явагч робот машинаар судалсан юм. Ингээд 2015 онд анх илрүүлсэн хөлгөөс олдсон алт, мөнгө, үнэт чулуун эдлэлийн талаар мэдээллийг Колумбын засгийн газрын зөвшөөрөлтэй одоо задалж байгаа ажээ.

Колумбын эрх баригчид WHOI байгууллагыг Сан Хосе хөлгийн үлдэгдлийг судлуулахын тулд урьж байв. Тус байгууллага 2011 онд Remus 6000 далайн ёроолд ажилладаг роботоороо 2009 онд Бразилын эргээс хэдэн зуун километр зайтай осолдсон Air France 447 онгоцны үлдэгдлийг илрүүлэхэд ажиллаж байжээ.

Тэд 2015 онд далайн мандлаас 600 метрийн гүнд байгаа Сан Хосе хөлгийг Remus 6000 роботоороо мөн илрүүлж байв.

Олдсон алт эрдэнэсийг хэд хэдэн улс болон зарим эрэл хайгуулын компаниуд булаацалдаж, маргаан дэгдээх магадлал өндөр байна. 2015 онд Колумбын ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос уг олдворыг “хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон хамгийн үнэтэй олдвор” гэж нэрлэж байжээ.

ЮНЕСКО өнгөрсөн сард уг олдворыг арилжааны зорилгоор ашиглахгүй байхыг Колумбын засгийн газарт уриалж байв. Тус улс живсэн хөлгийн байршлыг улсын нууцад оруулаад байгаа ба энд нийт 11 сая ширхэг алтан болон мөнгөн зоос, үнэт чулуу хадгалагдаж байгаа гэж үзэж байна.

Энэ бүх эрдэнэсийг Испаничууд колони улс орнуудаасаа цуглуулаад буцаж байхад нь түүний өрсөлдөгч Британичууд довтлон живүүлж байжээ.

Колумб улс НҮБ-ын Далай тэнгисийн конвенцид нэгдээгүй тул олдсон эд зүйлсийн талаар ЮНЕСКО-д мэдэгдэх үүрэггүй юм байна.

 

Эх сурвалж: The Guardian