Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Төгрөгийн сэргэлт ЭДИЙН ЗАСГИЙН ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ илтгэж байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын эдийн засгийн байдал 2018 оны эхний дөрвөн сарын байдлаар ямар дүр зурагтай байгааг Монголбанкнаас өнөөдөр танилцууллаа.

Мөнгөний нийлүүлэлт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 16.2 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад мөнгөний урсгал 30 хувиар нэмэгджээ.

Тэр дундаа нийт хадгаламж 144.5 тэрбум төгрөгөөр өссөний 55 хувийг төгрөгийн хадгаламж эзэлж, ам.долларын хадгаламж буурсан байна. Эдгээр үзүүлэлт монгол мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ бага ч гэсэн өсөж байгааг харуулж буйг Монголбанкнаас мэдээллээ. 

Монгол мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ бага ч гэсэн өсөж байгаа.

Манай улсад 2018 оны нэгдүгээр улиралд 574.9 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Үүний дийлэнх нь уул уурхайн салбарт чиглэжээ. Харин төлбөрийн тэнцэл 42.2 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Гэхдээ энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад багассан дүн гэдгийг тодотгож байна. 

Банкуудын иргэдэд олгосон нийт зээл энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 14.4 их наяд төгрөгөөр тоологдож байна. Үүнээс 8.4 хувийг чанаргүй зээл, 6.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл эзэлж буй. Хэдийгээр эдийн засагт дээрх эерэг өөрчлөлтүүд гарсан ч чанаргүй зээлийн энэхүү үзүүлэлт нь банкны хүү богино хугацаанд буурах боломжгүйг харуулж байгаа юм. Нийт зээлийн дийлэнх хувийг цалин, тэтгэврийн болон хэрэглээний зээл эзэлж байгаа ч эдгээр зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ маш бага хувийг эзэлж байна. 

Ерөнхийд нь энэ оны эхний дөрвөн сарын эдийн засгийн байдлыг аваад үзвэл мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн үнэ цэнэ өсөж байгаа бөгөөд Монголд орж ирж хөрөнгө оруулалтыг дагаад иргэдийн идэвх сэргэж, авах хэрэглээний зээлийн хэмжээ өсөж байгааг Монгол банк онцоллоо.