Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хонхны баярын үеэрх хооллолтын зөвлөмж

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 23
iKon.MN

ЕБС, Их, дээд сургуулийн хонхны баярын үеэр оюутан, сурагчдын эрүүл, зохистой хооллох зөвлөмж

Гарын ариун цэврийг сайтар сахих

Гарын ариун цэврийг сахих нь халдвараас сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Бохир гараар халдварт шар, гепатит А, Е, цусан суулга, вирусын гаралтай суулгалт халдварууд, балнад, иж балнад, ханиад, томуу зэрэг амьсгалын замын өвчин, хялгасан хорхойтох зэрэг өвчнүүд дамждаг. Иймээс гарын ариун цэврийг сайтар сахиж, гараа бохирдох тохиолдол бүрт сайтар савандаж угаах шаардлагатай.

Хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалж буй газраас худалдан авахгүй байх хэрэгтэй.

Учир нь хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай, стандартын шаардлага хангаагүй нөхцөлд худалдан борлуулснаар өвчин үүсгэгч бичил биетнээр амархан бохирдож хоолны хордлогот халдвар үүсгэх эрсдэлтэй. Хүнсийг худалдан авахдаа дараах зүйлсийг анхаарна. Үүнд:

  • Борлуулж буй нөхцөл эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх
  • Мах, хиам, сүү, цагаан идээ, кремтэй бүтээгдэхүүн, өндөг, жимс зэрэг түргэн гэмтэх хүнсийг заавал хөргүүртэй лангуунаас худалдан авах.
  • Амт, үнэр, өнгө, төлөв байдал алдагдаагүй, гадны хольцгүй байх
  • Бүтээгдэхүүний хадгалах хугацааг сайтар шалган, хугацаа нь дууссан хүнс худалдаж авахгүй байх  
  • Сав баглаа, боодлын бүрэн бүтэн байдал алдагдсан эсэх. Савлагаа боодол нь урагдсан, цоорсон, шүүс нь гоожсон, лаазалсан, нөөшилсөн бүтээгдэхүүний таг нь пөмбийсөн байвал худалдан авахгүй байх  
  • Хальс нь цэвэр, хагарч цуураагүй өндөг сонгож авах
  • Шинэ жимс, хүнсний ногоо нь бяцарсан, гэмтсэн бол худалдан авахгүй байх
  • Мах, тахианы мах, далайн гаралтай бүтээгдэхүүнийг тусад нь уут, саванд хийж авч явах нь дамжин бохирдол үүсэхээс хамгаална.

Аялал зугаалгаар явахдаа түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг аль болох сэрүүн нөхцөлд авч явна.

Түргэн гэмтдэг хүнсний бүтээгдэхүүнийг хоёр цагийн дотор хөргөгчинд хийж байх хэрэгтэй. Иймээс явах цагаа тооцон 2 цагийн дотор хүрэх амралт, зугаалгын газрыг сонгох нь зүйтэй. Мөн зориулалтын аяллын хөргүүрт мах, өндөг зэрэг түргэн гэмтэх хүнсийг хийж тээвэрлэх хэрэгтэй.

Дамжин бохирдол үүсэхээс сэргийлэх.

  • Хоол хүнс дамжин бохирдох гэдэг нь түүхий мах зэрэг боловсруулаагүй хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах нянгууд бусад хүнсэнд дамжин орохыг хэлнэ. Дамжин бохирдлоос сэргийлэхийн тулд:
  • Хоол бэлтгэхдээ цэвэр тавиур мод, хутга, заазуур хэрэглэх
  • Түүхий хүнс хэрчсэн тавиур мод, хутгаа угаалгын бодистой халуун усаар сайтар угааж, цэвэр усаар зайлах
  • Шууд идэх зориулалттай, болсон бүтээгдэхүүн хэрчих модыг тусад нь бэлтгэж авч явах, эсвэл түүхий хүнсний модыг сайтар угааж, цэвэрлэсний дараа хэрэглэх
  • Түүхий болон болсон бүтээгдэхүүнийг тусгаарлаж авч явах
  • Түүхий хүнс хийсэн аяга таваг, сав зэргийг угаалгүйгээр чанаж болгосон хүнсний бүтээгдэхүүн хийхгүй байх.

Хоол хүнсийг гүйцэт болгох.

Хоол хүнсийг шаардлагатай хэмд, хангалттай хугацаагаар бэлтгэж боловсруулах нь түүнд агуулагдаж болзошгүй нянг устгах хамгийн найдвартай арга юм.  

Хоол хүнсийг тохиромжтой хэмд хадгалах.

Хоол хүнсийг 5-600С буюу температурын аюултай бүсэд  2 цагаас илүү хугацаанд хадгалсан тохиолдолд нян ихээр үржих магадлалтай. Иймд хоол хүнсийг тасалгааны хэмд 2 цагаас илүү хугацаагаар хадгалахыг хориглоно. Хоол хүнс бэлтгэхдээ тухайн үед хэрэглэх хэмжээгээр хийх нь зүйтэй. Хэрэв хоол илүү гарсан бол зориулалтын хөргүүрт хадгалах шаардлагатай.

Нэг дор хэт их идэхгүй байх.

Хоолоо тохируулж идэх хэрэгтэй. Хоолны өмнө ногооны салат, ногоон өнгийн навчит ногоо идсэнээр хоолны шингэлтийг сайжруулдаг. Мөн хоолны өмнө болон хоол хооронд халуун бүлээн ус, цэвэр ус сайн уух.

Хийжүүлсэн ундаа, чипс, түргэн хоол хэрэглэхгүй байх.

Чипс, бэлэн гоймонгийн найрлагад ходоод гэдэсний салстад хортой Е621 хэмээх хүнсний нэмэлт бодис агуулагддаг. Чипсэнд акриламид хэмээх гэдэсний хорт хавдар үүсгэгч бодис агуулагддаг байна. Хийжүүлсэн ундаанд агуулагдах фосфорын хүчил нь цуснаас кальци, магни, цайрыг холбон авч гадагшилснаар ясны сийрэгжилт үүсгэдэг. Мөн хийжүүлсэн ундаа нь сахарын өндөр агууламжтай тул таргалах, шүдний өвчлөл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Архи, согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзах.

Архи нь уураг тархийг сонгомлоор гэмтээж, тархины үйл ажиллагааг дарангуйлан, хараат байдал үүсгэдэг үйлчилгээтэй шингэн юм. Иймээс архи, согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзан өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулахаас сэргийлэх хэрэгтэй.

 

Эх сурвалж: НЭМҮТ