Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ю.Баянмөнх: Зүрхний хавхлагын олдмол гажгийн 80 хувь нь хоолойны ангинаас үүдэлтэй

СОНГДО ЭМНЭЛЭГ
2018 оны 5 сарын 23
СОНГДО зөвлөж байна

Сүүлийн үед хоолойн өвчлөл, ангина олон хүний толгойны өвчин болоод буй. Ялангуяа хүүхдүүд ангинаар өвчлөх нь ихэсчээ. Үүнээс үүдсэн хүндрэлүүдийн талаар “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч Ю.Баянмөнхтэй ярилцлаа.


 

-Яагаад хоолойн өвчлөл, ангина хүүхдэд элбэг тохиолддог вэ?
-Хоолойн өвдөлт, ангина хоёр өөр зүйл. Хоолойн өвчлөл бактерийн гаралтай юу, эсвэл архаг, залгиурын үрэвсэл үү гэдгийг ялгаж салгах нь чухал. Гэтэл энэ бүх шалтгааныг хүмүүс нийтэд нь ангина гэж ойлгодог.

Энгийнээр тайлбарлахад, халуунд хүйтэн зүйл ууснаас хоолой хөндүүрлэж, идээт үрэвсэл үүсэж, халуурч эхэлдэг. Үүнийг ангина гэж нэрлэж буй.

Хоолой, хамар дахь булчирхай нь гаднаас орж ирж буй агаар, хоол хүнсэн дэх бактерийг эсэргүүцэх үүрэгтэй дархлааны системийн эрхтэн. Амны хөндийд байдаг хоолойн мах гэдэг нь хоёр талын гүйлсэн булчирхайг хэлж буй.

Бага насны, 9-10 хүртэлх насны хүүхдийн нармайн булчирхай идэвхтэй байдаг. Энэ амьсгалын замаар орж ирсэн гадны бактерийг шүүн тунгааж, амны хөндийг чийглэж, хүнийг эрүүл байлгах гол үүрэгтэй. Хоолойны өвчнөөр бага насны хүүхэд ихэвчлэн өвддөг нь хүүхэд буруу буюу ам хамраараа зэрэг амьгалтай холбоотой.

Ингэхээр гаднаас орж ирж буй бүх бактерийг ам, хамраараа зэрэг амьсгалж, шүүгээд хоолойд төвлөрүүлснээр идээт үрэвсэл үүсдэг. Улмаар тэр нь архаг голомт үүсгэж болзошгүй. Жилд өвдөх тоо нь олширч эхэлбэл үйл ажиллагааны хамгаалах чадвар алдагдаж, ангина болдог гэсэн үг.

-Хоолойны махыг авахуулах нь төгс эмчилгээ мөн үү?
-Хоолойны махыг авснаар үүссэн голомтыг бусад эрхтэнд дамжуулах замыг хааж буй. Яг төгс эмчилгээ биш ч гэсэн даамжруулахгүй байх арга хэмжээ авч байна гэсэн үг.

Ер нь хоолойны махны үндсэн үүрэг нь 0-5 хүртэлх насны хүүхэд насанд идэвхтэй байдаг. Үүнээс хойш тунгалгийн булчирхайнуудын хамгаалалт өндөр болж, хүүхэд ч зөв амьсгалж сурч эхэлдэг. Ингэснээр хамрын үйл ажиллагаа сайжирч, үндсэн үүрэг нь саармагшихаар хоолойны махыг авахыг зөвлөдөг. Хааяа нэг ам хатахыг эс тооцвол авахуулснаар гарах сөрөг нөлөө бага.

Харин харшилтай хүмүүсийн харшлах үйл явц нь нэмэгддэг юм болов уу гэж ажиглагдсан. Мөн үе үе өвдөж сэдэрдэг хүмүүс байдаг. Ингэснээр дахин дахин идээт үрэвсэл үүсдэг учраас арын булчин руугаа буглах гээд байдаг. Ийм тохиолдолд зайлшгүй авахуулах шаардлагатай.

-Ангина даамжирвал ямар аюулд хүрэх вэ?
-Холбоос эрхтнүүд болон жижиг үеүүд, толгойны судас, зүрхний хавхлагын гажиг зэрэг өвчлөл үүсдэг. Зүрхний хавхлагын гажгийн 80-90 хувь нь ангинаас шалтгаалдаг гэсэн зүрх, судасны эмч нарын судалгаа бий.

Мөн зүрхний олдмол гажиг, бөөрний үрэвсэл ихэвчлэн ангинаас шалтгаалж үүсдэг. Ер нь бол хамгийн анхдагч, үүдэн хамгаалалтын систем учраас асар их үүрэгтэй, энэ нь алдагдвал олон өвчний эх үүсвэр болно. Ихэвчлэн 35-38 наснаас ангинаас үүдэлтэй хүндрэлүүд мэдэгдэж эхэлдэг. Үүнээс шалтгаалж дотор эрхтнүүд гэмтэж, үхэлд хүргэж ч болзошгүй аюул дагуулна.

-Ангина, хоолойн өвчлөл юунаас болж үүсдэг вэ?
-Хоолойн өвчлөл бага насны хүүхдэд ханиад, ханиадны дараах хүндрэл, ээж, ааваасаа удамших, байнга даарах болон хувийн ариун цэврээс шалтгаалж ангина үүсдэг.

Улмаар энэ нь даамжирч архаг голомт руу шилждэг бөгөөд хожим, 30 нас гарсан хойно нь бусад эрхтэнд нөлөөлөх аюултай. Мөн буруу хооллолт буюу өөх тостой хоол, амттан ихээр хэрэглэх,  таргалалтаас үүдэж  улаан хоолойноос  төвөнхийн ар хэсэг түлэгдэж үрэвсдэг. Ингэснээр хоолой загтнаад байгаа мэт зовиурлах, шүлсээ байнга залгих ханиалгах зэргээр өвддөг.

Хүмүүс ихэвчлэн удаан өлсөж яваад гэнэт их иддэг. Эсвэл нэг төрлийн хүчиллэг ихтэй хоолыг байнга идэх гээд байдаг. Эдгээр нь хоолой өвчлөх шалтгаан болно. Түүнчлэн амны ариун цэвэртэй шууд холбоотой. Хорхойтсон шүд бий л бол архаг голомт байна гэсэн үг.

-Ямар эмчилгээ хийлгэх ёстой вэ?
-Хүмүүс ихэвчлэн дур мэдэн антибиотик уух, хуурайгаар нь хоолой руу нь цацдаг. Гэтэл энэ нь амны хөндийд мөөгөнцөр үүсгэх аюултай. Мөн хоолойн хүлхдэг эм олширсон.

Эдгээр нь бактерийг устгах үйлчилгээтэй учраас хэт их хэрэглэснээс амны хөндийн зөв бактерийг устгачихдаг. Тиймээс хүмүүст зөвлөж хэлэхэд юм бүхэнд өвчин намдаах, бактери устгагч хэрэглэх нь таатай зүйл биш. 5-7 хоногоос илүү хэрэглэх шаардлагагүй.

 

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Зураг