Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Марк Зукербэрг Европын хууль тогтоогчдоос уучлал гуйв

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг Брюссельд зочилж, Европын парламентын дарга нартай уулзан мэдээлэл өгсөн юм.

Түүнийг Cambridge Analytica компанид хэрэглэгчийн хувийн мэдээллийг алдсан асуудалтай холбогдуулан мэдүүлэг өгөхийг хүссэн байна.

Уг компани Фэйсбүүкийн 87 сая хэрэглэгчийн мэдээллийг хууль бус аргаар цуглуулсны дотор Европын Холбооны 2.7 сая хэрэглэгч байсан юм.

Уулзалтын эхэнд Зукербэрг “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид бүтээсэн системийнхээ аюулгүй байдалд хангалттай анхаарал тавьж чадаагүй нь тодорхой болсон. Хуурамч мэдээлэл тараах, сонгуульд гаднаас нөлөөлөх оролдлого, хэрэглэгчийн мэдээллийг буруугаар ашиглах зэрэгт бид хариуцлагаа бүрэн ухамсарлаж чадсангүй. Энэ бидний алдаа байсан тул би та бүхнээс уучлал гуйж байна” гэж хэлжээ.

Уулзалт ерөнхийдөө АНУ-ын конгрессын гишүүдтэй хийсэн уулзалтаас ялгаагүй болж, Зукербэрг хууль тогтоогчдод адил хариулт, тайлбаруудыг өгч байв.

Хоёр хоногийн дараа Европын Холбоо хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалах хатуу хуулиа хэрэгжүүлж эхлэх гэж байгаа. Уг хуулийг зөрчвөл интернэтийн үйлчилгээ эрхлэгч компаниуд орлогынхоо 4 хүртэл хувьтай тэнцэх торгууль төлөх юм.

Мэдээллийг хамгаалахад чиглэсэн хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа, арга хэмжээнүүд нь Фэйсбүүкийн орлого ашигт сөргөөр нөлөөлөх ч хүмүүсийн хувийн мэдээллийг хамгаалах нь бүхнээс чухал гэдгийг Зукербэрг энэ үеэр илэрхийлжээ.

Тэр бас сошиал орчинд зарим зохицуулалт хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч нөгөө талаар энэ нь инновацийг хязгаарлах ёсгүй гэсэн нь АНУ-ын конгресст хэлсэн үгийг давтсан хэрэг байв.

Марк Зукербэрг өнөөдөр буюу Лхагва гарагт Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Reuters