Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Гол асуудал мөнгөнд байгаа юм биш

Ж.Баярсайхан, Үндэсний шуудан
2018 оны 5 сарын 23
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.

-Өнгөрсөн УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Тавантолгойн 30 хувьд нь IPO гаргаж олон улсын зах зээлээс хөрөнгө босгох талаар ярьсан гэсэн. Энэ шийдэл оновчтой байж чадах уу?

-Энэ асуудлыг намын бүлэг дээр нэлээд ярьсан. Гол нь дэлхийн бусад улс орнууд томоохон ордуудаа яаж хөдөлгөдөг тэр жишгээр Тавантолгойг хөдөлгөе гэж байгаа. IPO хийж хөрөнгө босгосон компанийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй болдог. Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргахаар нэг хувьцаа худалдаж авсан хүнд ч тэр компанийн хөрөнгө, орлого нээлттэй байлгах ёстой.

Мэдээж олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа нь борлогдож байгаа аж ахуй нэгжийн үйл ажиллагааг олон улсын стандартаар л явуулах ёстой шүү дээ. Ерөөсөө ийм л өнцгөөр асуудалд хандаж байгаа хэрэг. Түүнээс хэсэг хүмүүс ярьж байгаад шийдчихдэг, дараа нь хэл ам дагуулдаг байх шаардлагагүй. Мөн IPO хийнэ гэдэг нь хувьцаагаа олон нийтэд санал болгоно гэсэн үг Тэгэхээр энэ нь өөрөө олон нийтэд тэгш эрх өгөх зарчмын асуудал болчихно.

Цөөн тооны хүмүүст хөрөнгийг санал болгох биш бүх хүн тодорхой хэмжээний хувьцааг нь аваад үйл ажиллагааг нь хянаад явчих бүрэн боломжтой. Ингэж хийж чадвал эдийн засагт эерэг зүйл болно. Төр ч гэсэн хөрөнгөө үр ашигтай болгож түүнийгээ ард иргэдийн хяналт дор явуулах боломж бүрдэнэ. Тавантолгой дээр төр мэдээж гол хувьтайгаа байна шүү дээ.

-Оюутолгойн гэрээний асуудлаар УИХ-ын гишүүд, иргэний нийгмийн байгууллагын гишүүдийг хамруулсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гараад байгаа. Дээр нь УИХ-ын нэр бүхий 15 гишүүн гэрээний үр дүнг сайжруулах лобби бүлэг байгуулж буйгаа зарлалаа. Таны хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Оюутолгой бараг анх удаагаа хоёр хөршийн биш гуравдагч орны хөрөнгө оруулагчид орж ирсэн том төсөл. Бүтээн байгуулалт хийсэн, улсын төсөвт нэлээд их хэмжээний татвар төлдөг ажлын байр олныг бий болгосон төсөл шүү дээ. Шууд болон дам утгаар Оюутолгойтой хамтарч ажилладаг маш олон аж ахуйн нэгж бий. Энэ нь өөрөө эдийн засагт эерэг нөлөө авчраад явж байгаа. Гэхдээ мэдээж хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой анхаарах, засах, сайжруулах ёстой зүйлүүд байгаа. Түүнийг нь аажимдаа хэлэлцэж, ярилцаад хийгээд явах учиртай гэдэг байр суурьтай байдаг.

-Сүүлийн үед олны анхааралд орсон өөр нэг сэдэв бол хүүхдийн мөнгийг 80 эсвэл 100 хувьд олгох тухай маргаан байлаа. Таны байр суурь ч тодорхой байсан.

-Гол асуудал мөнгөнд байгаа юм биш л дээ. Жил гаруйн өмнө буюу 2017 оны өвөл, хавар Монгол Улс авсан өрөө төлж чадахгүй хандив цуглуулж байлаа. Тэгээд Монгол Улсын Засгийн газар хөтөлбөр хэрэгжүүлж өгөөч гэж ОУВС-гаас гуйсан юм. Ингээд ОУВС ирж ажилласан. ОУВС-гийн хөтөлбөрийг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, АНУ, Хятад, Япон, Солонгосын Засгийн газар дэмжиж орж ирсэн. Эдгээр улс орнуудын татвар төлөгчдийн мөнгө, олон улсын санхүүгийн байгууллагын гишүүн орнуудын мөнгийг Монгол Улсад өгөх тухай ярьж байгаа болохоор бидэнд тодорхой шаардлага тавина.

Тухайн үед ярилцаад хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт өгнө гээд 60 хувь дээр тохирчихсон юм билээ. Ингээд энэ талаараа гурван бодлогын баримт бичиг дээр хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурчихсан. Тиймээс хүүхдийн мөнгөний 60 хувийг 80 болгох хэлэлцээр нэлээд урт хугацаанд буюу өнгөрсөн аравдугаар сард эхлээд дөрөвдүгээр сарын 2-нд дууссан. Хэрэв одоо 100 хувьд олгоно гэвэл олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай байгуулсан гурван ч бодлогын баримт бичгийг зөрчинө. ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банктай хийж байгаа хамтын ажиллагааг шууд зогсооно гэсэн үг.

Мөн Япон, Солонгос, Хятад, Америкийн гэрээ хэлцлүүд зогсоно. Ийм учраас би “Санаатай ч юм шиг санаандгүй ч юм шиг хийгээд байгаа хорлон сүйтгэх үйл ажиллагаагаа болиоч ээ” гэж хэлээд байгаа нь, энэ. Хэрэв хөтөлбөр зогсоод эхэлбэл дөнгөж бий болж байгаа эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлнэ. Ер нь манай орлого өндөртэй 20 хувь нь мөнгө авъя гэж хэлэхгүй байгаа биз дээ. Өмнөөс нь хүмүүс санаа зовоод улстөр хийгээд байна. Монгол Улсад хуримтлагдсан өр, шийдэх ёстой олон асуудал бий. Үүнийг орлого сайтай 20 хувь бүгдээрээ ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна.

-АН-ын гишүүд “ОУВС-гийнхан танай Засгийн газрын үйл ажиллагаанд оролцохгүй байгаа” гэж хэлсэн гэдэг. Гэхдээ саяхан ОУВС-гаас манайд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт хийсэн үнэлгээний дүгнэлтэд “Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд төсвийн хянамгай бодлого баримтлах ёстой” гэсэн үг өгүүлбэр байна лээ. Тэгэхээр үүнийг хүүхдийн мөнгөтэй холбож ойлгож болох уу?

-ОУВС мөнгө өгөхдөө нөхцөл тавьдаг. Гэхдээ тэд төсвийн нэг удаагийн зардлыг за яахав гээд өнгөрөөчихдөг юм. Харин цаашдаа төсөв дээр байнга дарамт болж ирэх давтагдах зардал дээр зарчмын байр сууриа барьдаг “Төсөв чинь даах юм уу”, “Цаашдаа төсөвт чинь үр нөлөө нь ирнэ биз дээ” гэдэг байдлаар ханддаг Тийм учраас тэр хүүхдийн мөнгийг 100 хувь болгох асуудал дээр “Та нар яг ярьсныхаа дагуу бай” гэдэг хатуу зарчим барьж байгаа. АН-ынхан бол бараг намайг л яриад байгаа юм шиг ярьж байна лээ.

-Хүүхдүүдээсээ 20 тэрбум төгрөг харамлалаа гээд байгаа шүү дээ?

-Асуудал мөнгөндөө байгаа юм биш гэж хэлсэн шүү дээ. Зарчимдаа гол нь байгаа юм. ОУВС тохирсон бодлого дээрээ л байцгаая гэдэг зарчмын байр суурь ярьж байгаа.

-Ерөнхийлөгчийн хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох саналыг анх Байнгын хороогоор орж ирэхэд УИХ-ын гишүүд дэмжээгүй. Дараа нь чуулган дээр өнөөх дэмжээгүй саналаа дэмжилгүй унагаад дахин оруулж ирэхээр болгосон. Тэгэхээр УИХ-ын гишүүд парламентын хуралдааныг иргэд үздэг гэдэг утгаар хүүхдээс мөнгө харамласан муу нэр зүүхгүйн тулд 100 хувьд олгох шийдвэр гаргачих юм биш үү?

-УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэр бол 80 хувьд олгоно гээд гарчихсан шүү дээ. Энэ бүлгийн шийдвэр хэвээрээ байна. Тэгэхээр манай УИХ-ын гишүүд бүлгийнхээ шийдвэрийг дагана гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байгаа.

-“Монголын эдийн засгийн форум 2018” хоёр өдөр болж өндөрлөлөө. Таны хувьд эдийн засгийг сайжруулах чиглэлээр ямар саналтай байдаг вэ?

-Одоо Оюутолгой, Тавантолгой гээд томоохон төслүүд явж байна. Яахав эрдэс баялгийн үнэ өндөр байх үед уул уурхайгаас орлого ороод байдаг Тэгсэн мөртлөө бусад салбарууддаа анхаарлаа гүйцэт тавихгүй байгаа юм. Уул уурхайгаас орлого орж ирж байгаа үед бид бусад салбаруудаа сайн дэмжиж өгөх ёстой. Яг энэ агуулгаар бид татварын багц хуулиудыг оруулж ирж байгаа. Татварын ямар нэгэн хувь хэмжээ өөрчлөгдсөн бол дандаа буулгаж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

Мөн тайлагналтыг энгийн хялбар болгохоор төлөвлөж байна. Одоо бол найман нэрийн дэлгүүр, “Эрдэнэт” үйлдвэр хоёр яг ижилхэн жилд дөрвөн удаа нэг маягтаар тайлан гаргаж өгдөг. Бид жилд нэг, хоёр, дөрвөн удаа тайлангаа гаргадаг байдлаар гурав ангилахаар төсөл боловсруулсан. Түүнчлэн ангилал бүрийн маягтууд өөр байна. Том аж ахуйн нэгж дэлгэрэнгүй бол нэг удаа гаргадаг жижиг аж ахуйн нэгж товчхон байх ёстой. Уул уурхайгаас бусад салбараа яах вэ гэдгээ маш сайн шийдэх хэрэгтэй.

Жишээлбэл, аялал жуулчлал, хөдөө аж ахуй болон өөр орчин үеийн цахим технологитой холбоотой салбаруудыг хөгжүүлэхэд яаж анхаарах ёстой юм. Нэгдүгээрт, бид татварын бодлогоор дэмжихээр оруулж ирж байна. Хоёрдугаарт, дэд бүтцийг хангалттай бий болгох ёстой. Аялал жуулчлал гээд яриад л байдаг. Наад зах нь Монгол Улс руу ирж байгаа жуулчлал, Монголоос гадны улс руу явж байгаа иргэддээ хямд тийзээр үйлчлэх ёстой биз дээ.

Гэтэл цөөн тооны авиа компаниуд монополь байдал тогтоочхоод үнэ нь өндөр яваад байдаг. Тиймээс энэ монополийг задалж либералчлаад аль болох олон компани нислэг үйлддэг байвал үнэ нь бууна. Олон чиглэлд бас нислэг үйлддэг байх ёстой. Зөвхөн Монголд ирэхийн тулд дэлхийгээр тойрч явах шаардлагагүй болбол амар шүү дээ. Тэгэхээр агаарын тээврийн либералчлалыг бид зоригтой хийх ёстой. Ер нь тэгээд өрсөлдөөн дунд амьд байж чаддаг аж ахуйн нэгжүүд л Монгол Улсыг хөгжүүлнэ шүү дээ.

-Татварын багц хуулийн гол агуулга нь юу вэ?

-Татварын хувь хэмжээнүүд буурна. Бүх зүйлийг хөнгөлөлттэй, чөлөөтэй, хялбар болгож өгч байгаа. Хамгийн гол нь шударгаар бүх юмаа тайлагна гэдэг зарчимтай. Маргаашийн (өнөөдрийн) Засгийн газрын хуралдаанаар ороод хууль өргөн баригдах гэж байна.

-Он гарсаар Монгол Улсын эдийн засгийн байдал ямар байна вэ. Сайжрах чиг хандлагатай болсон гэж ойлгож байгаа?

-Үүнийг гол тоонуудаар нь хэлнэ дээ. Үндэсний статистикийн хорооноос нэгдүгээр улирлын байдлаар эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг гаргаж тавьсан байгаа. Монгол Улсын эдийн засаг бол 2018 оны нэгдүгээр улиралд 6.1 хувиар өссөн. Энэ бол сүүлийн дөрвөн жилд байгаагүй хамгийн өндөр өсөлт юм. Оны төгсгөлд үүнээс буурахгүйгээр гарна гэдэг хүлээлттэй байна. Мөн олон жилийн турш унаж ирсэн төгрөгийн ханш тогтворжсон, одоо чангарах төлөвтэй байгаа.

Төгрөгийн ханшид голлон нөлөөлж байдаг зүйл бол Монгол Улсын валютын нөөц байдаг. Валютын нөөц бол 2016 оны аравдугаар сартай харьцуулах юм бол гурав дахин өссөн. Энэ он гараад дахиад тэр нь 200 сая гаруй ам.доллараар нэмэгдсэн байдалтай байгаа. Тэгэхээр одоо гурав гаруй тэрбум ам.долларын валютын нөөцтэй болно гэдэг бол Монгол Улсын хувьд маш сайн мэдээ. Түүнээс гадна сая ОУВС ирээд үнэлгээгээ хийгээд явсан.

ОУВС-гийн үнэлгээг олон улсын банк санхүүгийн байгууллагууд, бусад орнууд, хөрөнгө оруулагчид харж байдаг ОУВС-гийн дөрөв дэх шатны үнэлгээгээр тохиролцсон байсан бүх үзүүлэлтүүд дандаа давж биелсэн, сайн үзүүлэлт гарсан. Мөн Засгийн газрын өрийг буулгах чиглэлээр баримталж байгаа бодлого, төсвийн санхүү мөнгөн хөрөнгийн удирдлага зөв байна зэрэг үнэлгээнүүдийг өгч байгаа.

-Та өөрийн цахим хуудастаа Монгол Улсын өрийн асуудлаар бичлэг хийж тавьсан байсан. Ер нь манай улсын өр одоо яг хэд үлдээд байгаа юм?

-Засгийн газрын өрийг ярья л даа. 2012 оноос хойш авсан дотоод өр гээд зургаан их наяд төгрөг байж байна. Үүний 4.8 их наяд нь үндсэн төлбөр, 1.2 их наяд нь хүү юм. Гадаадад өр гэвэл найман их наяд төгрөгтэй тэнцүү хэмжээний ам.доллар, юанийн өр зээл бий. Ийм л зүйлийг У.Хүрэлсүхийн Засгийн газар хүлээж авсан. Арилжааны нөхцөлтэй гаргасан бондуудынхаа хүүг төлөөд явж байна. 4.65-10.875 хувийн хүүтэй зээлүүд байгаа. Нэгдүгээр сард бид Чингис бондын 500 сая ам.долларыг төлж дуусгасан.

Одоо зургаадугаар сард Димсан бондын нэг тэрбум юань буюу 163 сая ам.долларын зээлийг төлнө. Дотоодын зургаан их наядын өрнөөс одоогийн байдлаар 2.8 их наядыг нь төлчихсөн. 3.2 их наяд нь үлдчихсэн байж байгаа. Биднийг ажлаа авахад байсан зургаан их наядын дотоод, найман их наядын гадаад өр бол 2012 оноос хойш таван жилийн хугацаанд л хуримтлагдсан зүйл. Өр дотроо урт хугацаатай нь ч, богино хугацаатай нь ч байна. Хамгийн гол нь богино хугацаатай, өндөр хүүтэй зээл төсвийн орлогыг идээд дуусгаж байна л даа. Гэхдээ энэ мөнгийг нь авахдаа буцааж төлнө өө гээд хугацаатай, нөхцөл заагаад авчихсан байгаа учраас бид цаг хугацаанд нь төлөөд л явж байна.

-Цаашид бондыг бондоор дарах асуудал гарах болов уу?

-Үгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирээд дотоодоос арилжааны банкуудаас нэг ч төгрөгийн зээл аваагүй. Уг нь УИХ-аас 2018 оны төсөв батлахдаа 1.4 их наяд төгрөгийн зээл авч болно гэдэг зөвшөөрөл өгсөн. Гэхдээ бид авахгүй явж байгаа. Авбал эргээд хүү төлөх болно шүү дээ. 37 тэрбум төгрөгийг авсан зээлийнхээ хүүд төлдөг байсан чинь одоо 1.4 их наяд төгрөгийг зөвхөн хүүд төлж байсан цаг үе байгаа шүү дээ. Одоо үүнийг нэлээд багасгачихсан.

Тийм учраас огт зээл авахгүйгээр өнөөдрийг хүртэл яваад ирж байгаа. Бидний хувьд одоо гадаадад бонд гаргахгүй. Нэгдүгээрт тэгэх шаардлага алга, хоёрдугаарт, аж ахуйн нэгжүүд идэвхжиж төсвийн орлого бүрдэж орж ирж байна. Нөгөө талаас ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд жилийн 0.2-2 хувийн хүүтэй 30-40 жилийн хооронд төлөх хөнгөлөлттэй зээлүүд бидэнд орж ирж байгаа. Тэр санхүүгийн эх үүсвэр байгаа учраас бид бонд гаргах шаардлагагүй юм.

Зураг