Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: Хойд Солонгостой хийх уулзалт болохгүй ч байж магадгүй

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй уулзсаныхаа дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сард Ким Жон Унтай хийх уулзалт хойшилж магадгүй байгааг мэдэгджээ.

Сингапурт зургаадугаар сарын 12-нд болох уулзалтын талаар тэд Цагаан ордонд хэлэлцсэн юм. Трамп хэдхэн хоногийн өмнө Хойд Солонгосын ааш авир гэнэт өөрчлөгдсөнд сэтгэл дундуур байгаагаа хэлээд үүнд Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин нөлөөлсөн гэж үзэж байгаагаа дахин илэрхийлжээ. Тодруулбал Ким Жон Ун хоёр дахь удаагаа Хятадад айлчилсны дараа бодлогоо өөрчилсөн гэдгийг тэр онцолсон юм.

Гэхдээ Трамп Ши Жиньпинийг “дэлхийн хэмжээний покерчин” гэж магтаад түүнийг Солонгосын хойгт энх тайван тогтоох зорилгодоо үнэнч хэвээр байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна.

“Уулзалт товлосон хугацаандаа болохгүй байх, магадгүй хойшилж ч болзошгүй байна” гэж Трамп хэлжээ.

Мөн тэрээр хэрвээ Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ салбал Ким Жон Уны аюулгүй байдлыг нь бүрэн баталгаажуулахаа илэрхийлээд Өмнөд Солонгос, Хятад, Япон улсууд асар их мөнгө цутгаж, Хойд Солонгосыг хүчирхэг эдийн засагтай орон болгоход бэлэн байгааг мэдэгдсэн юм.

Трамп Солонгосын хойгийн ирээдүйг ярихдаа эхлээд “өндөр хөгжилтэй хоёр Солонгосыг бий болгохыг хүсэж байгаа” гээд харин үүний дараа нэгдэх эсэх нь тэдний өөрсдийн шийдэх асуудал гэжээ.

Тэр 1950-аад онд тогтоосон хоёр Солонгосын хилийг АНУ-ын бий болгосон “зохиомол” зүйл гэсэн юм.

 Дональд Трамп, Ким Жон Ун нарын түүхэн уулзалтыг зургаадугаар сарын 12-нд Сингапурт зохион байгуулахаар болсныг тавдугаар сарын эхээр зарлаж байв. Гэвч Солонгосын хойгт явагдаж байгаа АНУ-Өмнөд Солонгосын цэргийн сургуулилалт, цөмийн зэвсгээс салгахдаа Ливийн загварыг хэрэгжүүлнэ гэсэн Трампын зөвлөхийн үг зэргээс шалтгаалан уулзалтад оролцох эсэхэд эргэлзэж байгаагаа Пёньян гэнэт мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: Russia Today