Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Xiaomi компанийн IPO анхны 56 ажилтныг нь саятан болгоно

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Найман жилийн өмнө дөнгөж үйл ажиллагаагаа эхэлж байсан Хятадын гар утас үйлдвэрлэгч Xiaomi компанийн анхны 56 ажилтан хамтдаа $11 сая орчмыг цуглуулж, компанидаа хөрөнгө оруулагч болсон юм.

Тэд бүгд хадгаламжаа шавхаж, эцэг эхээсээ мөнгө зээлж байсан гэдэг.

Нэг ресепшн бүсгүй хуримын инжээ хүртэл хөрөнгө оруулалтад зориулж байжээ.

Тэгвэл өнөөдөр тэднийг “Азтай 56” гэж нэрлэх болсон байна. Учир нь Xiaomi компани өнөөдөр дэлхийн дөрөв дэх том гар утас үйлдвэрлэгч болсон ба удахгүй Хонг Конгийн хөрөнгийн зах зээлд IPO хийхээр бэлдэж байгаа юм.

Компани хувьцаагаа арилжаалж эхэлсний дараа анхны 56-ын хөрөнгө доод тал нь $1 тэрбумаас $3 тэрбум хүрэх нь тодорхой болоод байна.

Энэ нь хүн бүрт дунджаар $36 сая ноогдоно гэсэн үг юм.

2010 онд Xiaomi компанийг үүсгэн байгуулагч Лэй Жун хувиасаа бизнес үйл ажиллагаандаа хөрөнгө оруулж байгааг дуулсан ажилтнууд нь бас хувь нэмрээ оруулахыг хүссэн байна.

Тухайн үед Xiaomi-д програм зохиогчоор ажиллаж байсан Ли Вэйшинь хадгаламжинд байсан 500,000 юаниа ($79,000) хөрөнгө болгож оруулах хүсэлтийг анх гаргажээ. Тухайн үед үүсгэн байгуулагч нь ганц Вэйшиний мөнгийг оруулахын оронд бүх ажилчдад боломж олгох нь зүйтэй гэж үзсэн байна.

Одоо харин Ли Вэйшинь $10-$20 саяын хувьцаатай болох гэж байгаа гэнэ.

Хуримын инжний мөнгөөрөө Xiaomi компанид хөрөнгө оруулсан ресепшн бүсгүй өнөөдөр тус компанийн хүний нөөцийн албанд ажилладаг. Тэр тухайн үед оруулсан 100,000-200,000 орчим юаниа ($16,000-$31,000 орчим) өнөөдөр $1-$8 сая болгох боломжтой болж байна.

Өнөөдөр $100 тэрбумын үнэлгээтэй болоод байгаа Xiaomi энэ оны намар хувьцаагаа Хонг Конгийн бирж дээр зарж эхлэх юм.

Анхны 56 ажилтан энэ үеэр оруулсан хөрөнгөө 200 орчим дахин өсгөж авна гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.

Харин үүсгэн байгуулагч Лэй Жуны хөрөнгө энэ үед $27 тэрбум хүрнэ гэж Блүүмбэрг тооцоолсон байна.

 

Эх сурвалж: South China Morning Post