Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн Захирагчдын зөвлөлийн хурал боллоо

ГХЯ
2018 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд /ДГХБО/-ын Олон улсын судалгааны төв /ОУСТ/-ийн Захирагчдын зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо.

Энэхүү түүхэн хуралд ДГХБО-ын ОУСТ-ийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрт нэгдэн орсон Армян, Афганистан, Балба, Буркина Фасо, Бутан, Казахстан, Киргиз, Лаос, Монгол, Парагвай, Тажикистан, Этиоп Улсын төлөөлөгчид оролцож, ОУСТ-ийн үйл ажиллагааны ерөнхий зарчим, Захирагчдын зөвлөлийн дотоод журам, байгууллагын бүтэц болон санхүүжилт зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргажээ. Мөн хүлээн авагч орны хэлэлцээрийн төслийг хэлэлцэн тохирч, хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газартай байгуулах эрхийг ОУСТ-ийн Гүйцэтгэх захиралд олгосон байна.

Манай улс Захирагчдын зөвлөлийн анхдугаар хуралд Гадаад харилцааны дэд сайдын түвшинд оролцож, хурлын даргаар сонгогдон ажиллав. Түүнчлэн, Захирагчдын зөвлөлийн анхдугаар хурлаар ОУСТ-ийн Гүйцэтгэх захирлыг томилсон бөгөөд тус албан тушаалд захирлын үүрэг гүйцэтгэгчээр 2012 оноос хойш ажиллаж ирсэн Э.Одбаярын нэрийг манай улсаас дэвшүүлж, Захирагчдын зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр сонгожээ. Ийнхүү манай улсын санаачилсан анхны олон улсын засгийн газар хоорондын байгууллага албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэх боломж бүрдээд байна.


Энэ дашрамд дурдахад, Монгол Улс ДГХБО-ын ОУСТ-ийг Улаанбаатар хотноо үүсгэн байгуулах тухай санаачлагыг 2006 онд Гавана хотноо болсон ДГХБО-ын дээд түвшний уулзалтын үеэр анх гаргаж байжээ. Санаачлагыг хэрэгжүүлэх зорилгоор манай улс НҮБ болон далайд гарцгүй бусад орны дэмжлэгийг авах чиглэлээр идэвхтэй ажилласны дүнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 2009 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр ДГХБО-ын ОУСТ-ийн шавыг тавьсан.

ОУСТ-ийг Улаанбаатар хотноо байгуулах тухай олон талт хэлэлцээрийн төслийг НҮБ-тай хамтран боловсруулж, ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нарын хурлаар 2010 оны 9 дүгээр сард баталсан бөгөөд 2012 оноос ДГХБО-ын ОУСТ-ийн Түр нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулж, 2014 оны 1 дүгээр сараас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “ДГХБО-ын ОУСТ-ийн үйл ажиллагааг эхлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.

Хэлэлцээрийг далайд гарцгүй орнуудаар соёрхон батлуулах, төвийг байгуулах, үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлээр манай улс идэвхтэй ажилласан бөгөөд олон талт хэлэлцээр 2017 оны аравдугаар сарын 6-ны өдөр хүчин төгөлдөр болсон билээ.