Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын засгийн газар Трамп-Кимийн уулзалтад зориулж дурсгалын зоос гаргахаар бэлджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Ирэх сард болохоор төлөвлөгдсөн АНУ, Хойд Солонгосын удирдагч нарын уулзалтад зориулж Америкийн арми дурсгалын зоос гаргахаар бэлдсэн байна.

Болох эсэх нь эргэлзээтэй байгаа уулзалтад зориулж зоос гаргах гэж байгааг интернэт хэрэглэгчид хүчтэй шүүмжилжээ. Бас зоосны дизайн загвар ч нэлээд шүүмжлэл дагуулсан байна.

Зоосны нийтэд тарсан зураг дээр Трамп, Ким нарын дүрсийг өөд өөдөөс нь харуулан байрлуулсан байна. Мөн Ким Жон Уныг “Supreme leader” буюу “Их удирдагч” гэж цолложээ.

Гадаадын хүндтэй зочдод дурсгадаг уг зоосыг Цагаан ордны бэлэг дурсгалын албаар дамжуулж бас нийтэд зардаг байна.

Шүүмжлэгчид Хойд Солонгосын харгис дэглэмийн  удирдагчийн дүрийг Трамптай эн зэрэгцүүлж, “Их удирдагч” гэж өргөмжилсөнд сэтгэл дундуур байгаагаа сошиал сүлжээнд илэрхийлсэн байна. Мөн ур хийцийн хувьд болхи болсныг онцолжээ. Тухайлбал Ким Жон Уны эрүүний давхрыг нэгээр нэмснийг шүүмжилсэн байна.

Зоосны нөгөө талд Цагаан ордон, АНУ-ын ерөнхийлөгчийн нисэх онгоц “AirForce One”-ыг дүрсэлжээ.

Гэвч зургаадугаар сарын 12-нд Сингапурт болохоор зарлагдсан дээд хэмжээний уулзалтын хувь заяа бүрхэг болоод байгаа. Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын засгийн газар АНУ-Өмнөд Солонгосын цэргийн сургуулилалтыг эсэргүүцэж, дээд хэмжээний уулзалтад оролцохгүйгээ мэдэгдсэн юм.

Өнөөдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин Вашингтонд айлчилж байгаа. Тэрээр Трамптай уг уулзалтын хөтөлбөрийн талаар ярилцах төлөвлөгөөтэй байсан юм. Харин одоо тэд хэрхэн Ким Жон Уныг ятгах тухай хэлэлцэхээр болоод байна.

 

Эх сурвалж: AFP