Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хүчинд автаж бусадтай гэрлэхээр яваа Швед охидод дотуур хувцсандаа халбага хийхийг зөвлөжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Шведийн нэгэн хотын захиргаа бусадтай хүчээр гэрлүүлэхээр гадаад орон руу илгээгдэх гэж байгаа охидыг нисэх буудлын шалгалтаар орохоосоо өмнө дотуур хувцсандаа халбага хийхийг зөвлөжээ.

Шведийн хоёр дахь том хот Готенбургт ийм арга хэмжээг нэвтрүүлж, нисэх буудлын ажилтнуудад тохиолдол илрэхэд яах ёстой талаар заавар өгсөн байна.

Метал илрүүлэгчээр нэвтэрсэн охидын дотуур хувцаснаас төмөр халбага илэрвэл түүнийг хүчээр гэрлүүлэхээр гадагшаа авч явааг албаныхан мэдэх юм байна.

“Энэ бол охидын хувьд аврал эрэх сүүлчийн боломж юм” гэж уг ажлыг санаачилсан байгууллагын тэргүүн Катарина Идегард тайлбарлажээ.

Одоогоор хэдэн охин бусадтай хүчээр гэрлэхээр хилийн чанад руу явсан тухай албан ёсны тоо байхгүй. Гэвч Идегардын хэлж байгаагаар Шведийн яаралтай тусламжийн утсанд өнгөрсөн онд 139 дуудлага ирсэн нь охид бүсгүйчүүдийг хүчээр гэрлүүлэх гэж байгаа тухай мэдээлэл байсан гэнэ.

Готенбургийн жишээг Шведийн бусад хотуудад нэвтрүүлэхийн төлөө тэд ажиллаж байгаа гэжээ.

Уг санааг Британий Карма Нирвана байгууллагын туршлагаас авсан юм байна. Тус байгууллага ийм арга хэрэглэснээр олон тооны Британи охидыг аварч байжээ.

Охидыг богтолж, хүчээр гэрлүүлэхийг Шведэд хорьдог. Гадаад орон руу ийм зорилгоор авч явахыг ч хууль бус үйлдэлд тооцдог байна.

2016 онд нэгэн эцэг охиноо бусадтай хүчээр гэрлүүлэхийн тулд Афганистан руу хуурч дагуулж явах гэж байгаад баригдаж, шийтгүүлж байв.

Мөн охидын хэлүүг огтолдог уламжлалыг хориглоход дээрх халбагатай аргыг хэрэглэх юм байна. Идегардын хэлснээр Сомали, Эритрэй, Этиоп, Египет, Гамби зэрэг орнуудаас гаралтай 38,000 охид, бүсгүйчүүдийн хэлүүг огтлох зан үйл хийсэн байх магадлалтайг 2015 оны судалгаанд дурдсан байдаг гэжээ.

 

Эх сурвалж: Reuters