Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Гүндэгмаа: Дэрэвгэр жиргэрүүгээр үе мөчний үрэвслийн эсрэг эм гарган авах боломжтой ч санхүүжилтгүйн улмаас судалгаагаа хадгалаад л сууж байна даа

Б.Энхмарт, Үндэсний шуудан
2018 оны 5 сарын 22
Үндэсний шуудан
Зураг зураг

Нэн ховор, ховор ургамлын жагсаалтад орсон эмийн ургамлын нэг, БОАЖ-ын үе үеийн сайд нарын болж л өгвөл экспортлохыг “оролддог” асан, өдгөө 2022 оныг дуустал түүвэрлэх, экспортлохыг хориглоод буй дэрэвгэр жиргэрүүг “Ач" анагаах ухааны их сургуулийн эм судлалын багш, Анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Гүндэгмаа есөн жилийн турш тасралтгүй судалж, улмаар үе мөчний үрэвслийн эсрэг эм гарган авах боломжтойг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, цагтаа салбарын сайддаа “Хогийн ургамал шүү дээ" гэгдэж байсан дэрэвгэр жиргэрүү эмийн ховор, чухал ургамал болох нь дахин нотлогджээ.

Түүний судалгаа болоод БНХАУ, Япон, БНСУ зэрэг улсад уг ургамлыг ямар өвчин анагаахад хэрэглэдгийг Ц.Гүндэгмаа докторын яриагаар сонирхуулъя.

-Сайн байна уу. Таныг дэрэвгэр жиргэрүү ургамлыг цөөнгүй жил судалж, үе мөчний үрэвслийн эсрэг эм, бэлдмэл гарган авахад энэ ургамал маш их ач холбогдолтой талаар судалгаа хийсэн гэж дуулаад ирлээ. Сүүлийн жилүүдэд урд хөрш рүү маш хямд үнээр, их хэмжээгээр экспортолж, зарим сайд “Хогийн ургамал шүү дээ” хэмээн үл тоож байсан дэрэвгэр жиргэрүү маань үе мөчний үрэвслийн эсрэг эм болох боломжтойг нотолсон гэж дуулсан. Энэ үнэн үү?

-Би 2016 онд “Дэрэвгэр жиргэрүү ургамлын филогенез, фармакологийн зарим үйлдлийн судалгаа” сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан.

Өөрөөр хэлбэл, бидний нэрлээд байгаа энэ ургамал дэрэвгэр жиргэрүү мөн үү, эм зүйн хувьд ямар үйлдэл үзүүлдэг вэ гэдгийг судалсан. Миний судалсан ургамлын ач холбогдол, судалгааны шинэлэг тал гэвэл дэрэвгэр жиргэрүүгийн бэлдмэл үрэвслийн альтерац болон эксудацийн үе дэх шингэний хуримтлал болон үрэвслийн шүүдэст үеийн хаванг бууруулж, үрэвслийн эсрэг үйлдэлтэй болох нь тогтоогдсон.

Энгийнээр тайлбарлавал, үе мөчний үрэвслийг сааруулах, эдгээх үйлдэл өндөр илэрсэн гэсэн үг. Мөн этил карбамат тариад дэрэвгэр жиргэрүүгийн бэлдмэл хэрэглэхэд завсрын эдийн үрэвсэл багасан уушгины болон элэгний эд, эсийн нөхөн сэргэлт сайжирч үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлсэн. Түүнчлэн цөс хөөх үйлдэлтэй нь тогтоогдсон.

Мөн дэрэвгэр жиргэрүүгийн бэлдмэл шээс ялгаралтыг нэмэгдүүлж, натрийн ионы эргэн шимэгдэлтийг, калийн ионы секрецийг саатуулдаг шинж чанартай болох нь тогтоогдсон. Үүнээс гадна дэрэвгэр жиргэрүүгийн бэлдмэлийн тун нэмэгдэх тусам үйлдлийн идэвх улам сайжирч, артерийн даралт бууруулах үйлдэлтэй нь ажиглагдсан.

Мөн дэрэвгэр жиргэрүүгийн бэлдмэл зүрхний биоцахилгаан идэвхэд нөлөөлж, эмчилгээний ашигтай эерэг нөлөөтэй болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, маш олон төрлийн ач холбогдолтой, тун чухал ургамал болох нь бидний судалгаагаар батлагдсан гэсэн үг

-Энэ олон ургамлаас яагаад заавал дэрэвгэр жиргэрүүг сонгон судалсан юм бэ. Өөрөөр хэлбэл, энэ ургамлын онцлог, ид шидийг тодорхой хэлж өгөөч?

-Би магистр, докторын зэргээ хамгаалахдаа хоёуланд нь буюу нийт есөн жил тасралтгүй дэрэвгэр жиргэрүүгээ судалсан. Миний эрдэм шинжилгээний удирдагч Чойжамц багш ховордож байгаа эмийн жагсаалтуудаас таван ургамал сонгож, судалгаа явуулсан. Магистр, докторын зэрэг горилогчид уг судалгааг багштай хамтран хийсэн гэсэн үг 2014 оны Засгийн газрын 165 дугаар тогтоолд ховордож байгаа маш олон эмийн жагсаалтыг гаргасан байдаг.

Энэ жагсаалтын 350 дугаарт дэрэвгэр жиргэрүү маань орсон. Тиймээс устахад ойртсон буюу ховордсон учраас бид судлах ёстой гэж үзсэн. Миний хувьд энэ ургамалд биологийн ямар идэвхтэй бодисууд агуулагддаг, үйлдэл үзүүлдэг вэ гэдэг талаас нь судалсан. Аль ч ургамалд маш олон төрлийн биологийн идэвхтэй бодис агуулагддаг. Тэр бодис бүр өөр өөрийн үйлдэлтэй байдаг. Миний судалсан ургамалд гэхэд хромон гэдэг бодис маш өндөр агуулагддаг.

Энэ хромон гэдэг бодисыг гадаадын эрдэмтэн судлаачид юунд ашигладаг хэрхэн судалсан байдаг вэ гэдгээс эхлээд судлах зүйл маш их. Онцлог нь хромоныг Хятадын судлаачид голчлон судалсан байдаг. Ингээд зогсохгүй үе мөчний эм гарган авах гол түүхий эд болгон дэрэвгэр жиргэрүүг ашигласан гэсэн мэдээлэл байдаг.

-Монголд энэ ургамлыг танаас өөр эм болгох боломжтой эсэх талаас нь судалсан хүн байдаг уу?

-Дэрэвгэр жиргэрүүг Хятад, Японы судлаачдаас гадна монгол судлаачид ч судалсан байдаг. Тухайлбал, Хонгорзул докторын магистрын ажлаараа дэрэвгэр жиргэрүүг спиртэн хандаар нь судалсан байдаг. Миний хувьд усан хандаар судалсан. Үүгээрээ ялгаатай ч хоёулаа эмгэг загвар үүсгэж судалсан. Хоёулангийнх нь үр дүн тун ойролцоо гарсан байдаг. Харин Хөдөө аж ахуйн их сургуулийн Пагмадулам доктор уг ургамлыг химийн талаас нь буюу хавдрын эсрэг үйлдэл үзүүлэх эсэхийг судлахад үр дүнтэй гарсан байдаг.

-Та дээр хавдрын эсрэг үйлдэл үзүүлж байсан гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй хэлж өгөөч?

-Миний бие магистрын судалгаа хийж байх үедээ хавдрын эсрэг ямар үйлдэл үзүүлж байгааг мөн туршсан.

Гурван сарын хугацаанд турших ажлыг бид хоёр сарын хугацаанд туршсан. Тэр үед хавдрын үрэвслийн эсрэг маш их үйлчилж байсан. Тодорхой хэлбэл, туршилтын, хяналтын гэсэн хоёр амьтан байгаа. Хяналтын амьтандаа хавдрын эмгэг үүсгээд эмчилгээгүй явчхаж байгаа юм. Харин туршилтын амьтандаа дэрэвгэр жиргэрүүгийн ханднаас гадна европын бас нэг эмийг хэрэглэж, харьцуулж үзэж байгаа юм. Эмчилгээ хийгээгүй амьтан маань царай алдаад, бүрзийгээд ирж байхад туршилтын буюу эмчилгээ туршиж буй амьтан маань сэргэлэн цовоо байх жишээний.

Ингээд цусны шинжилгээгээр өвчний явц болоод эмнэлзүйн өөрчлөлтүүдийг нарийн гаргаж байгаа юм. Гэхдээ энэ туршилтыг гурван сар хүртэл нь явуулж чадалгүй, өөр ажил хийх шаардлагатай болоод орхисон л доо. Өөрөөр хэлбэл, хавдрын эсрэг маш идэвхтэй үйлдэл үзүүлж байсан гэсэн үг Сая докторын зэрэг хамгаалахад ч мөн адил туршилтын болон хяналтын бүлгийн амьтны үе мөчинд эмгэг үүсгэх аргаар туршилтаа явуулсан.

-Та Халхгол суманд очиж үзсэн үү. Өөрөөр хэлбэл, ургамлаа байгальд ургаж байгаагаар нь харсан уу?

-Үзэлгүй яах вэ. Халх гол орж, ургамлаа авсан. Намар есдүгээр сард биднийг очиход хүмүүс маш олноороо түүж байсан. Тухайн үед “Хятадууд монголчуудаас дэрэвгэр жиргэрүүг килограммаар нь тооцож маш хямд үнээр худалдаж авдаг. Хятадаас Өмнөд Солонгос, Япон руу маш өндөр үнээр гаргадаг” гэсэн мэдээлэл сонсож байсан. Хэнтий, Хангай, Дорнод Монголын нутгаар дэрэвгэр жиргэрүү маань ургадаг. Энэ ургамлын газрын дээрх хэсгийг нь ашигладаггүй.

Үндэс нь эмийн ургамлын ач холбогдолтой учраас хүмүүс үндсийг нь хайр гамгүй гаргаж, сугалж, тасалдаг нь маш их хор хөнөөл авчирч байгаа. Гэхдээ дэрвэгэр жиргэрүү (Saposhniko-via Divaricata(Turcz) Schischk)-ийн үрийн хээрийн соёололт 60 хувь, тарималжуулах боломжтой нь бидний судалгаагаар нотлогдсон.

-Одоо тэгвэл эм болгоход юу дутуу гэсэн үг вэ?

-Эм болоход шаардлагатай хоёр төрлийн гол судалгааны нэгийг нь би болоод манай баг хийсэн гэсэн үг.Одоо эм зүйн талын судалгаа хийгдэх ёстой. Мөн тодорхой хэмжээний хөрөнгө, санхүүжилт, лаборатори хэрэгтэй.

-Та эм болгох талаар эрх бүхий байгууллага, хүмүүст хандаагүй юу?

-Удирдагч багш маань нэгэнт цөөнгүй жил судалсан хүний хувьд чи энэ ургамлыг эм болгож, олон хүний эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс нь салгахад анхаарал хандуулж, холбогдох газруудад хандаарай гэж захиж байсан л даа. Гол зүйл нь бид эм судлалын талаас нь ургамлаа судалчихсан. Одоо эм зүйн чиглэлийн судлаачидтай хамтран шаардлагатай судалгаа, шинжилгээг хийх ёстой. Үүнийг хийхэд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай.

Бид хөрөнгө, санхүүжилттэй бол үргэлжлүүлэн судалгаагаа хийхэд бэлэн. Манай судалгааны багийнхан энэ ургамлыг цөөнгүй жил судалсан, ач холбогдлыг нь тодорхойлж байгаа гэдэг утгаараа зохиогчийн эрхийн гэрчилгээгээ авсан. Энэ нь дэрэвгэр жиргэрүүгээр ямар нэгэн эм, бэлдмэл хийх бол бидэнтэй заавал хамтран ажиллах ёстой гэсэн үг юм.

-Хөрөнгө, санхүүжилт нь олдоод эм гарган авсан тохиол-долд ямар ач холбогдолтой байх талаар хэлж өгөөч?

-Хэрвээ эм гарган авах санал ирвэл би хамгийн түрүүнд, маш дуртайгаар уг саналыг хүлээж авна. Миний судалгааны ажил шүү дээ. Ургамлын гаралтай эм болгоод хүний эрүүл мэндийг хамгаалах, аврахын төлөөх ажил шүү дээ, энэ. Эм болгоод гаргачихвал үе мөчний үрэвсэл мөн хэрлэг өвчинд хэрэглэх бүрэн боломжтой.

Үе мөчний үрэвслийн өвчин бол манай улсын хувьд зонхилон тохиолдож буй өвчлөлийн нэг гэж болохоор нөхцөлтэй юм билээ. Тэгэхээр энэ ургамлыг эм болгосон тохиолдолд маш их ач тус өгөх юм. Даанч тийм боломж, бололцоо хомс учраас судалгааны ажлаа ширээнийхээ нүдэнд нандигнан хадгалаад л сууж байна даа.

-Өмнө нь дэрэвгэр жиргэрүүг хууль бусаар хэдэн мянган тонноор нь түүж, хил давуулж байгаа тухай сурвалжилга бэлтгэж байхад дэрэвгэр жиргэрүүг хятад, солонгосчууд маш өндөр үнэтэй, эм гарган авдаг гэж байсан. Энэ талаар танд дуулсан юм бий юү?

-Солонгос ардын уламжлалт эмчилгээнд дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг ханиад, толгой өвдөх, хөлрөх зэрэг өвчинд хэрэглэдэг ба халуун бууруулах, өвчин намдаах, хордлого тайлах үйлчилгээтэй гэж үздэг. Ургамлын амт нь халуун мөртлөө чихэрлэг. Энэхүү ургамал нь далайн эрэг орчмын элсэрхэг газар болон бартаат хад асга, эгц цохионд наалдан ургадаг. Өвлийн улиралд навч нь бага зэрэг ургадаг ба заримдаа өөр ургамалтай андуурах нь бий. Маш өвөрмөц үнэртэй, зуны улиралд цагаан өнгийн жижиг цэцэг дэлбээлж, өвлийн улиралд дэлбээнээс нь зууван хэлбэрийн хавтгай өргөн жимс ургадаг

Дэрэвгэр жиргэрүүгийн навчийг архинд дарж уувал удсан саа саажилтыг анагаадаг гэж үздэг. Үүнтэй холбоотой нэгэн болсон явдлаас цухас өгүүлье. 20 жилийн өмнө Чэжү арал дээр амьдарч байсан нэгэн саа өвчин тусч бие нь мэдээгүй болсноос гурван жилийн дараа хөдөлж чадахаа больсон байдаг. Тэд эмчилгээний аргыг хайсны үр дүнд нэгэн оточ ургамлаар эмчилж эдгээсэн нь дэрэвгэр жиргэрүү байсан гэдэг. 

Мөн цагаан будааны архинд дэрэвгэр жиргэрүүгийн үндсийг дарж уувал сайхан амттайгаас гадна шим тэжээл ихтэй, хүч тамир оруулдаг төдийгүй согттолоо уусан ч шартдаггүй гэсэн мэдээлэл бий. Үүнээс хойш Солонгосын анагаах ухаанд дэрэвгэр жиргэрүү ургамал нь эмийн увидастай хэмээн алдаршсан юм билээ. Солонгост дэрэвгэр жиргэрүү ургамлыг Фан-Фүн гэж нэрлэдэг Тэд тарималжуулсан ч манайд ургаж байгааг нь илүүд үзэж, үнэ хаялцаж авдаг гэх яриа сонссон.

-Бүр эм болгоод зардаг гэсэн мэдээлэл байдаг юм билээ?

-Япон, Солонгосын хувьд будаа маш ихээр тариалдаг дээр нь газар зүйн онцлогоос шалтгаалаад маш их чийглэг байдаг учраас үе мөчний үрэвсэлдээ үндсийг нь, газрын дээрх хэсгийг нь хоол, хүнсэндээ хэрэглэдэг юм билээ. Харин Хятадад уг ургамлыг үрэвслийн эсрэг өндөр идэвхтэй эм болгосон гэсэн мэдээллийг 2011 онд магистрын дипломоо хамгаалж байхад Хятадад докторын зэрэг хамгаалсан нэг багш маань хэлж байсан.

Тухайн онд уг эм Хятадад борлуулалтаараа нэлээд дээгүүрт явж байгаа гэж байсан шүү. Гэхдээ эмийнхээ түүхий эдийг нь манайхаас авсан үндсээрээ хийхийг илүүд үздэг юм билээ гэж байсан. Үүнд л хамгийн гол учир нь бий. Хятадад дэрэвгэр жиргэрүүг тарималжуулан, хоол хүнсэндээ ашигладаг. Тэгсэн хэр нь түүнийгээ биш манай улсад ургадгийг нь эм, бэлдмэлдээ хэрэглэж байна гэдэг нь манайх илүү өндөр үйлдэлтэй, ач холбогдолтой байгаагийн илрэл.

-Та дээр ховор ургамлын жагсаалтад орсон таван ургамлыг судалж байгаа гэж байсан. Дэрэвгэр жиргэрүүгээс бусдыг нь нэрлэвэл?

-Нөмрөгт банздоо буюу вансэмбэрүү, эгэл годил, паласын сүүт өвс, алтан хундага гэсэн дөрвөн ургамлыг судалж, үр дүнд хүрсэн.

-Ингэж хэлж байгааг минь уучлаарай. гэхдээ таны, танай баг хамт олны есөн жил зарцуулан судалсан ажил одоо зүгээр л нэг дипломын жил болоод цаасан дээрээ, магадгүй таны ширээний шургуулгад хэвтэж байна шүү дээ. үүнийг та юу гэж бодож явдаг вэ?

-Манайд яг үнэндээ байгаа хэмжээндээ тасралтгүй судалгаа хийгдэж байна. Гэвч уг судалгаанууд хийгдээд л орхигдоод, хийгдээд л орхигдоод байна. Хэрвээ хийгдсэн судалгаа бүр ажил хэрэг болдог бол анагаах ухааны салбарт нэлээд өөрчлөлт хөгжил бий болох боломжтой. Гэвч олон арван жил судалж зэрэг хамгаалсан ажлаа бодит зүйл болгоход хөрөнгө мөнгөгүй, лаборатори, технологийн чадамжгүй, дэмжлэггүй байдал асар их сөргөөр нөлөөлж байна.

Өөрөөр хэлбэл, эрдэмтэн, судлаач, докторуудын үнэ цэнтэй судалгаанууд манайд хадгалагдах гэж л хийгдэж байна гэхэд хилсдэхгүй. Судлаач, эрдэмтэд сарын цалин, өөр бусад орлогоо бараг гэрийнхнээсээ харамлаад судалгаандаа зарцуулдаг ч бодит байдал ийм л байна.

-Лабораториудын хүчин чадлын талаар хэлэх зүйл тань байгаа л байх?

-Манай лабораторийн хувьд учир дутагдалтай зүйл цөөнгүй. Миний судалгааны ажил манайд байгаа том лабораториуд дээр хийгдсэн. Анагаахын шинжлэх ухааны харьяа Цөм лаборатори, “Монос” группийн Эм судлалын хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэнд мөн Солонгосын Сөүлийн их сургуулийн лабораторид гэх маягаар судалгаагаа хийсэн. Лаборатори хүчин чадалтай байх тусмаа л илүү үр дүн гарч, илүү боломжууд нээгдэнэ. Манай хувьд тийм боломж одоогоор хангалттай биш байгаа нь харамсалтай.

-Тантай хамт энэ судалгааг ямар хүмүүс хийсэн бэ?

-АШУҮИС-ийн захирал, анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар, ЭМТС-ийн сургалт, судалгааны төвийн эрхлэгч, анагаах ухааны доктор, профессор Л.Мөнхтулга, “Монос” группийн захирал, академич Л.Хүрэлбаатар, харьяа Эм судлалын хүрээлэнгийн захирал анагаах ухааны доктор, академич Л.Лхагва, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Батцэцэг нарыг түшиглэн анагаах ухааны доктор, профессор П.Чойжамц, анагаах ухааны доктор, дэд профессор С.Чимидцэрэн, зөвлөх анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар нарын удирдлага дор судалгаагаа хийсэн.

-Энэ ургамал дэрэвгэр жиргэрүү яг мөн үү гэсэн судалгаа хийсэн гэж байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Эртний, ховор гэгдэж буй энэ ургамал энэ олон жилийн хугацаанд хэрхэн хувьсаж, өөрчлөгдсөн бэ, хувьсаж өөрчлөгдөөгүй юм уу гэдгийг амин хүчлийн дарааллаар нь тодорхойлно гэсэн үг л дээ. Манайд тодорхойлох боломжгүй учраас Өмнөд Солонгост тодорхойлуулсан. Уг судалгаагаар Монгол оронд нэг төрлийн дэрэвгэр жиргэрүү ургадаг.

Одоо судалгаанд ашиглаж байгаа ургамал нь Монголд ургадаг дэрэвгэр жиргэрүү мөн гэдгийг баталсан. Дэлхийн ген банкинд бүртгэлтэй, бусад судлаачийн үр дүнтэй харьцуулахад 99 хувийн ижилсэлттэй, нэг хувийн ондоошилтой гэж гарсан. Үүнийг ургамалд огт хувьсаж өөрчлөгддөггүй хэсэг байдгийг судалснаар тогтоосон.

Бидний яриа энд хүрээд өндөрлөсөн юм. Эм төдийгүй монголчуудын дунд зонхилон тохиолддог үе мөчний өвчлөлийг эдгээх, сааруулах чадалтай эм болгож болох ургамлыг есөн жилийн турш хүч хөдөлмөр, цаг заваа зарцуулан байж судалсан ч үр дүнд нь хүрч чадахгүй байгаадаа тэр хэнийг ч буруутгахыг хүссэнгүй. Харин “Хэдхэн жилийн дараа эрдэмтэн, судлаачдын маань судалсан бүхэн биеллээ олж, хүмүүст хэрэгтэй зүйлс бүтээх, гарган авах байх аа” хэмээн ирээдүйн тухай өөдрөг ярьж суув. Гэвч үүний цаана манай төр засгийн хийгээд анагаахын шинжлэх ухааны сул дорой байдлын бодит дүр төрх тодорч байгааг уншигч та ч мөн анзаарсан биз ээ.

Зураг