Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн шилдэг багш бусад улсыг Хятад шиг байхыг зөвлөжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Олон улсын боловсролын Varkey Foundation байгууллага жил бүр дэлхийн шилдэг багшийг шалгаруулж $1 саяын шагналыг олгодог.

2018 оны шилдэг багшаар Лондон хотын Брент дүүргийн Alperton Community School сургуулийн багш Андриа Зафиракоу шалгарчээ.

Тэр дэлхийн 30,000 гаруй нэр дэвшсэн багш нараас шалгарч 2018 Global Teacher Award шагналыг хүртсэн юм.

Шагналыг олгосон байгууллагын мэдээлснээр Зафиракоу багшийн ажилладаг сургууль нь Британий хамгийн ядуу гэр бүлүүд амьдардаг хэсэгт байрладаг гэжээ.

Тэгвэл 2018 оны шилдэг багш саяхан Financial Times сонинд ярилцлага өгөхдөө боловсролын системээ сайжруулахыг хүсэж байгаа дэлхийн ямар ч улс орон Хятадын жишээг дагах хэрэгтэйг зөвлөсөн байна.

Зафиракоу багш “Бид багш нарыг өндөр үнэлэх хэрэгтэй. Тэдэнд сайн цалин өгч, тэдэнд сайжирч боловсрох боломжийг олгох хэрэгтэй байна. Бид Хятад шиг байх хэрэгтэй” гэжээ.

Олон судалгаанд өгүүлснээр багш мэргэжил эзэмшихэд хамгийн таатай улс орон бол Хятад гэсэн байдаг. 2013 онд Суссексийн их сургуулийн эдийн засгийн ухааны профессор Питер Долтон Varkey Foundation байгууллагатай хамтран судалгаа хийхэд сонгосон 21 улсын дотроос Хятад улсын багш нар нийгэмдээ хамгийн их хүндлэгддэг гэсэн үр дүн гарчээ.

Ганцхан энэ улсад багш нар нь эмч нартай ижил түвшинд үнэлэгдэж, эцэг эхчүүд нь хүүхдээ багш болохыг хамгийн их дэмждэг нь судалгаагаар ил болсон байна.

Үүнд багш хүнийг дээдэлдэг Азийн, тэр дотроо Хятадын уламжлалт соёлын нөлөө байгаа гэж Долтон профессор дүгнэжээ.

2018 оны дэлхийн шилдэг багш Андриа Зафиракоуын тухай баримтат кино:

Эх сурвалж: Quartz