Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл, урт наслахын тулд хүн хэр хэмжээний дасгал хийх хэрэгтэйг эрдэмтэд тодорхойлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

“The Journal of Physiology” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд хүмүүс эрүүл зүрхтэй байж, урт наслахын тулд долоо хоногт хэр их дасгал хийх хэрэгтэйг тодорхойлсон байна.

Хүмүүсийн нас ахих тусам артерийн судас нь хатуурч, улмаар зүрхний шигдээс  зэрэг өвчин тусах магадлал нэмэгддэг ажээ. 45 хүртэл насныхны дунд зүрхний шигдээс ховор байдаг бол дундаж хүн 65 насандаа өртөх магадлалтай байдаг гэнэ.

Харин байнгын дасгал хөдөлгөөн хийх нь артерийг “залуу” байлгадаг гэдгийг дээрх судалгаа баталсан байна.

Судалгаанд өгүүлснээр хүн бүрийн артерийн хэмжээ харилцан адилгүй байдаг ба хэмжээ нь том байх тусмаа дасгал хөдөлгөөн хийх шаардлага нэмэгддэг гэжээ.

Дундаж хэмжээтэй артер бүхий хүмүүс долоо хоногийн 2-3 өдөр 30 минутын идэвхтэй дасгал хийхэд зүрхний өвчлөлөөс сэргийлж чадна гэж судалгааны тайланд зөвлөсөн байна.

Харин том хэмжээтэй артер бүхий хүмүүс 4-5 өдөр дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэжээ.

Дээрх дүгнэлтийг гаргахдаа эрдэмтэд 60-аас дээш насны 102 хүн дээр судалгаа хийсэн байна. Хүн тус бүрийн артерын хатуурлыг хэмжиж, дасгал хөдөлгөөн хийдэг дадал зуршлаар нь дөрвөн бүлэгт хувааж ажиглажээ.

Нэг бүлэгт нь долоо хоногт 2-оос доош удаа дасгал хийдэг хүмүүс, өөр нэг бүлэгт нь долоо хоногт 2-3 удаа дасгал хийдэг хүмүүсийг тус тус багтаасан байна. Үлдсэн хоёр бүлэг хүмүүсийн нэг нь 4-5 удаа, нөгөө нь 6-7 удаа хийдэг байжээ.

Ингэхэд долоо хоногт 2-3 удаа дасгал хийдэг бүлгийн дундаж хэмжээтэй артертай хүмүүс хамгийн “залуу артер”-тай байж, тархи, хүзүүний цусан хангамж нь сайн байсан гэнэ. Харин 4-5 удаа хийдэг бүлгийн том артертай хэсгийн артер хамгийн эрүүл байснаас гадна өмнөх бүлгийн сайн үзүүлэлт дээр нэмээд цээж, хэвлийн цусан хангамж нь илүү сайн байжээ.

Тиймээс хүмүүс долоо хоногт доод тал нь 2-3 удаа дасгал хөдөлгөөн хийж хэвших нь зүрх, судасны өвчлөлийн эрсдлийг бууруулдаг болохыг ингэж баталсан байна.

Одоо эрдэмтэд нэгэнт хатуурсан артертай хүмүүс дасгал хийснээр буцаад эрүүлжих боломжтой эсэхийг үргэлжлүүлэн судлахаар болжээ.

 

Эх сурвалж: Quartz