Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийг соён гэгээрүүлэх зорилгоор МЭЗЧ-ыг жил бүр зохион байгуулах шаардлагатай"

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Монголын эдийн засгийн чуулган-2018"-ын өнөөдрийн хуралдааны үр дүнгийн талаар чуулганыг зохион байгуулагчид мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/840583439460559/

Зохион байгуулагчдын зүгээс энэ удаагийн чуулганд төрийн гурван өндөрлөгийг өөрийн биеэр оролцохыг уриалсны дагуу өнөөдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар өөрсдөө ирж оролцсоныг онцоллоо. Мөн чуулган хоёр хоногийн чуулган болгохгүйн тулд дараагийн чуулган хүртэл буюу 2019 оны тавдугаар сар хүртэл төр хувийн хэвшлийн түншлэлийг бодитоор бий болгож ажиллуулахыг зорино гэлээ.

Өнөөдрийн чуулганы онцлох илтгэл Дэлхийн банк группийн Хөрөнгө оруулалтын орчин худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал Кристин Жэнвэй Чиангын "Хөрөнгө оруулалтын бодлого: Олон улсын чиг хандлага ба Монгол Улсын боломж" сэдэвт илтгэл байсан бол маргаашийн хувьд Рио Тинто, Зэс очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суаратын тавих "Амжилтын төлөөх хамтын ажиллагаа" сэдэвт илтгэл анхаарал татаж байгааг хэллээ.

Мөн төрийнхөн үдээс хойш  чуулганыг орхин гарлаа гэх шүүмжлэлийн талаар Бат Солюшн Партнерс компанийн УЗ-ийн дарга В.Ганзориг "Жил болгон зохион байгуулагддаг хэдий ч тодорхой үр дүн гарахгүй байна гэх шүүмжлэл гарч байгаа. Хувийн хэвшлүүдийн хувьд дандаа л хүсдэг зүйлээ хүсч буй нь ч үнэн. Төрийн тогтвортой байдлаа хангах ёстой. Тиймээс төрийг соён гэгээрүүлэх зорилгоор жил бүр тасралтгүй зохион байгуулах шаардлагатай. Байнга зохион байгуулж байж л үр дүнд хүрнэ" гэв.

Мөн "Өнөөдрийн зарим хуралдааны үеэр төрийнхөн тооны хувьд давамгайлсан нөхцөл байдал үүссэн. Цаашдаа энэ асуудалд анхаарлаа хандуулж, аль болох тэнцвэрийг хангаж ажиллана" хэмээн CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хэллээ.

Өнөөдөр “Санхүү ба хөрөнгийн зах зээлийн өнөөдөр ба ирээдүй”, “Хариуцлагатай уул уурхай ба хүртээмжтэй өсөлт”, “Аялал жуулчлал ба агаарын тээвэр”, “Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд: Сайн засаглал ба хувьчлалын бодлого”, “Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл”, “Улаанбаатар хотын эдийн засаг ба хөрөнгө оруулалт” зэрэг сэдвүүдээр салбар хуралдаан болж, хэлэлцүүлэг өрнөсөн юм.