Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландын судлаачид Лох Нессийн мангас байдаг эсэхэд эцсийн хариултыг өгнө

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Шинэ Зеландын хэсэг судлаачид Шотландын Лох Несс нууранд үнэхээр мангас амьдардаг эсэхийг батлахаар шийджээ.

Отагогийн их сургуулийн профессор Нэйл Геммэлийн тэргүүлсэн багийнхан ирэх сард Шотландад ирж ажлаа эхлүүлэхээр болсон байна. Лох Нессийн мангас буюу “Nessie” гэгддэг урт хүзүүтэй, аварга амьтан уснаас үе үе ил гардаг гэсэн яриа бий.

Энэ амьтны тухай яриа бүр мянган жилийн түүхтэй боловч 1933 онд анх удаа дэлхий нийтийн анхаарлын төвд орсон юм. Мангасыг байдаг тухай хүмүүсийн яриа, цөөн тооны бүдэг гэрэл зурагнаас өөр баримт байдаггүй.

Харин Шинэ Зеландын эрдэмтэд энэ удаа орчны ДНХ дээжийг нуурын уснаас авч, орчин үеийн технологиор шинжлэх болсон байна.

Тэд уг аргаараа Лох Несс нууранд амьдардаг бүх амьд амьтны төрөл зүйлсийн жагсаалтыг гаргаж, ойр хавийн бусад нуур усныхтай харьцуулах замаар үл мэдэгдэх амьтан байгаа эсэхийг тодруулах гэнэ.

“Байгальд байгаа амьтан бүр хөдөлж, явах бүртээ тухайн орчинд өөрийн ДНХ-ийн өчүүхэн хэсгүүдийг арьс, салст, өд, үс ноос, ялгадсаараа дамжуулан үлдээж байдаг. Бид ингэж үлдсэн баримтыг цуглуулан задалж дэлхий дээр бүртгэгдсэн 100,000 организмийн генетикийн баазтай харьцуулж үзэх юм” гэж профессор Геммэл ярьжээ.

Хэрвээ шинжлэх ухаанд нээгдээгүй ямар нэг амьтан нууранд байгаа бол илрэх ёстой гэнэ. Мөн энэхүү ажиллагаа нь зөвхөн Лох Нессийн мангасыг хайх хэмжээнд зогсохгүй, тус нуурын амьтны аймгийг дэлгэрэнгүй судлах том ажил болох юм.

Тиймээс өмнө илрээгүй цоо шинэ төрөл зүйлийн загас, бактери зэргийг энэхүү гүн харанхуй, нууцлаг нуурнаас илрүүлэх магадлалтай гэжээ.

Тэдний хэрэглэх ДНХ дээжээр шинжлэх аргыг одоо аварга загас, халим зэрэг далайн янз бүрийн амьтдыг судлахад ашиглаж байгаа юм байна.

Бас Шинэ Зеландчууд энэхүү судалгааны ажилдаа Британи, Дани, АНУ, Австрали, Францын нэртэй эрдэмтэд, судлаачдыг оролцуулахаар болжээ.

Тэд бүгд домогт мангасыг үнэхээр байдаг эсэхэд эцсийн хариулт өгөхөөс гадна судалгааны ажлыг өөр өөр газраас хамтран явуулах туршлага хуримтлуулах гэж байгаадаа сэтгэл хангалуун байгаа гэнэ.

 

Эх сурвалж: The New Zealand Herald