Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дерипаска хяналтын хувиасаа татгалзсанаар Русалын хувьцааний үнэ өсөж эхлэв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хөнгөн цагаан үйлдвэрлэлийн 7 хувийг дангаар бүрдүүлдэг Русал компанийн хувьцааны үнэ өнөөдөр Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр 9 хувиар өссөн байна.

Өсөлтийн шалтгаан нь Оросын тэрбумтан Олег Дерипаска тус компанийн хяналтын хувь эзэмшлээсээ татгалзаж, төлөөлөн удирдах зөвлөл дэх нөлөөгөө зогсоох болсонтой холбоотой гэнэ. АНУ-ын засаг захиргааны тавьсан эдийн засгийн хоригоос зайлсхийхийн тулд тэр ийм арга хэмжээ авсан байна.

Русалыг эзэмшигч En+ групп Дерипаскагийн төлөвлөгөөг дэмжсэн юм.

Русал компанийн мэдэгдэлд “Ноён Дерипаскагийн En+ компани дахь хувь эзэмшлийг 50 хувиас бууруулж, төлөөлөн удирдах зөвлөлд хараат бус захирлуудыг олонх болгох шийдвэрийг дэмжлээ” гэжээ.

Дерипаска бас En+ дахь захирлын албан тушаалаас огцорч, удахгүй болох хувь эзэмшигчдийн жил бүрийн хурлаар Русалын захиралд дахин нэрээ дэвшүүлэхгүй байхаар шийдсэн байна.

Дөрөвдүгээр сарын 6-нд Вашингтоны засаг захиргааны зарласан эдийн засгийн хоригт Русал багтсанаас хувьцааны үнэ нь 70 хувиар унаад байгаа юм.

Хоригт заасны дагуу Русалтай хамтрагч компаниудад 30 хоногийн дотор гэрээгээ дуусгах хугацаа өгсөн байна. Кремлийн эрх баригчид, тэдний дэлхий дахинд явуулж буй хортой бодлого, үйл ажиллагаанаас ашиг хүртэж буй компаниудыг шийтгэх нь АНУ-ын тавьсан хоригийн гол зорилго байсан юм.

Гэвч дөрөвдүгээр сарын 23-нд тэд хоригийн нөхцлөө зөөлрүүлж, хэрвээ Дерипаска хяналтаасаа татгалзвал хоригийг эргэж харахаа амласан байна. Мөн компаниудын гэрээгээ дуусгах хугацааг бараг таван сараар сунгаж, эцсийн хугацааг аравдугаар сарын 24 болгожээ.

Тухайн үед АНУ-ын сангийн сайд Стивен Мнючин “Олег Дерипасктай холбоотой шалтгаанаар Русал компани АНУ-ын эдийн засгийн хоригт нэрвэгдээд байгаа. Гэвч АНУ-ын засгийн газар тэнд ажиллаж байгаа бусад хөдөлмөрч хүмүүсийг хохироох бодолгүй” гэж мэдэгдсэн юм.

Хориг зарлагдсаны дараа дэлхийн зах зээлд хөнгөн цагааны үнэ өсөж, уг металлын нийлүүлэлт буурах вий гэсэн айдас бий болж байв.

Дөрөвдүгээр сарын 19-нд Лондоны Металлын Бирж дээр нэг тонн хөнгөн цагааны үнэ $2,718 хүрсэн нь сүүлийн долоон жилийн дээд үзүүлэлт байжээ.

Гэвч дөрөвдүгээр сарын 23-ны мэдэгдлийн дараа хөнгөн цагааны үнэ сүүлийн найман жилийн хугацаанд нэг өдрийн дотрох хамгийн том уналтыг үзүүлж, $2,270 хүрсэн нь дөрөвдүгээр сарын оргил үеэс 16 хувь буурсан дүн байв.

Зах зээлийн мэргэжилтнүүд хэрвээ Русал хоригоос бүрэн гарвал энэ оны эцсээр хөнгөн цагааны үнэ $2,000 хүрч, цаашдаа ч буурна гэж таамаглажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post