Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Мадуро Венесуэлийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Николас Мадуро ялж, дахин зургаан жил улс орныг удирдахаар болжээ.

2013 онд хорт хавдраар нас барсан ерөнхийлөгч Уго Чавесыг залгамжлагч, автобусны жолооч асан, 55 настай Мадуро дахин сонгогдсон нь Венесуэлийн эсрэг өрнөдийн орнууд эдийн засгийн хориг нэмж тавих магадлалтай болгож байна.

Сонгуулийг зохион байгуулагчдын мэдээлснээр Мадурогийн төлөө 5.8 сая хүн санал өгсөн нь түүнтэй хамгийн ойрхон өрсөлдсөн Хенри Фальконы 1.8 сая саналыг хол хаяжээ.

Сонгуулийн ирц 46.1 хувьтай байсныг мөн мэдээлсэн бол сөрөг хүчнийхэн үүнийг өсгөсөн тоо, бодит байдал дээр 30 орчим хувьтай байсныг баталж байна.

Сөрөг хүчний нэр дэвшигч Фалькон “Сонгууль хууль зөрчиж явагдсан тул бид үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдээд дахин сонгууль явуулахыг шаарджээ.

Засгийн газар сонгуулийн санал авах байрнуудын ойролцоо орон даяар 13,000 орчим “улаан цэг” байгуулж, санал өгсөн ядуу иргэдэд “эх орны карт” гэгчийг тарааж байсныг тэр шүүмжилсэн юм.

Мадурогийн бэлэг гэгдэж байгаа уг картаар хоол хүнс сольж авах боломжтой ажээ. Тиймээс сөрөг хүчнийхэн эрх баригчид сонгогчдын саналыг худалдаж авсан гэж үзэж байгаа юм.

Өөрийгөө Уго Чавесын хүү гэж өргөмжилдөг Мадуро социализмийг нурааж, Венесуэлийн газрын тосонд эзэн суух гэсэн империалстуудын явууллагын эсрэг тэмцэж байгаагаа байнга ухуулдаг.

Харин сөрөг хүчнийхэн түүнийг нэгэн үе Латин Америкийн хүчирхэг эдийн засагтай орон байсан Венесуэлийг сүйрүүлсэн гэж буруутгадаг юм.

Сонгуулийн идэвх сул байсны нэг шалтгаан нь тус улсын өлсгөлөн иргэд хоол хүнсний эрэлд хамаг цаг, хүчээ зарцуулж байгаатай холбоотой гэж ажиглагчид дүгнэсэн байна.

Венесуэлийн үндэсний мөнгөн тэмдэгт боливар сүүлийн жил орчим хугацаанд 99 хувийн уналт үзүүлж, инфляцийн хэмжээ жилийн 14,000 хувьд хүрээд байна.

 

Эх сурвалж: Reuters