Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаж байсан Пакистан охин Техасын халдлагад амиа алджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт АНУ-ын Техас мужийн Санта Фе хотын дунд сургуульд зэвсэгт халдлага болоход 10 хүн амиа алдсаны 8 нь сурагч, 2 нь багш байсан юм.

Амиа алдсан сурагчдын дотор Пакистан улсаас сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаж байсан 17 настай Сабика Шэйх байжээ. 

Өчигдөр буюу Ням гарагт Техасын Стаффорд хотын Исламын төвд Сабика охиныг оршуулах ёслол болсон байна. Охины хамаатан садан Америкт байхгүй тул Хьюстон орчмын Исламын нийгэмлэг уг арга хэмжээг зохион байгуулжээ.

Тус нийгэмлэгийн тэргүүн Эм Жи Хан “Түүний ойр төрлийн хүмүүс энд байхгүй ч манай нийгэмлэг бүхэлдээ оршуулгын ёслолд оролцлоо” гэж ярьсан байна.

Сабика охин Санта Фегийн нэгэн гэр бүлд амьдарч байжээ. Гэрийн эзэн Жэсон Когбурн түүний гэр бүл Сабикатай сайн ойлголцож, харилцан бие биенээсээ суралцаж байсныг дурссан байна. Тэд бүр Сабикатай хамт Рамадан сарын мацаг барьж байжээ.

Сабикагийн гэр бүл Пакистаны Карачид амьдардаг. Эцэг нь охиноо дипломатч болж, Пакистаны гадаад хэргийн яаманд ажиллах мөрөөдөлтэй байсныг ярьжээ.

Охин ирэх сард Рамадан сарын төгсгөлийн ёслолд оролцохоор Пакистанд очихоор төлөвлөөд байсан гэнэ. Техас дахь Исламын нийгэмлэг Сабикагийн шарилыг эх орон руу нь явуулах ажлыг зохион байгуулах боломжтойгоо гэр бүлд нь мэдэгдсэн байна.

Санта Фе хотоос 55 км зайтай Хьюстон орчимд Пакистан гаралтай 60,000 хүн амьдардаг гэнэ.

 

Эх сурвалж: AFP