Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Хятадууд сарны сүүдэртэй талд ажиллах дэлхийн анхны хиймэл дагуулыг хөөргөнө

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Даваа гарагт Хятад улс сарны дэлхий рүү хардаггүй, сүүдэртэй талд хүрэх анхны алхмаа хийх гэж байна. Чүэчяо нэртэй харилцаа холбооны хиймэл дагуул өнөөдөр баруун өмнөд Сичуань мужаас хөөрөх юм.

Уг хиймэл дагуул нь энэ оны сүүлээр саран дээр буух Чан И-4 станцтай эх дэлхийг холбогч гүүрийн үүрэг гүйцэтгэх юм. Өөрөөр хэлбэл сарны нөгөө талд байгаа станцтай дэлхий шууд холбогдох боломжгүй тул Чүэчяо хиймэл дагуул холбогч болж ажиллана.

Хэрвээ бүх төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл Хятад улс сарны нөгөө талд станцаа ажиллуулсан дэлхийн анхны улс болно.

Зөвхөн холбогчийн үүрэг гүйцэтгээд зогсохгүй Чүэчяо хиймэл дагуул нь Хятадын болон Нидерландын эрдэмтдийн бүтээсэн судалгааны төхөөрөмжүүдийг ажиллуулах юм.

Тухайлбал Чүэчяогийн сарны нөгөө талд ажиллуулах радио станц нь их тэсрэлтийн дараахан сансрын уудамд цацагдаж үлдсэн долгионыг хэмжиж, ертөнцийн үүслийн талаар мэдээлэл цуглуулна. Ийм дохио нь маш нам давтамжтай, бусад долгионд сарнидаг тул дэлхийгээс хэмжиж болдоггүй ажээ.

Эрт галавын 30 мегагерцээс бага давтамж бүхий дохиог бүртгэх зориулалттай антенныг Нидерландын Радбодын их сургуулийн астрофизикийн профессор Хейно Фалке тэргүүтэй мэргэжилтнүүд зохион бүтээсэн байна.

Ингэснээр “харанхуй үе” гэж эрдэмтдийн нэрлэдэг ертөнц үүсээд удаагүй байх үеийн тухай мэдээллийг олж авах юм. Ямар ч гадны шуугиангүй орчинд уг дохиог бүртгэх боломжтой тул сарны сүүдэртэй тал хамгийн тохиромжтой орчинд тооцогдож байна.

Хятад улс 2013 онд дэлхийн дагуул дээр Чан И-3 станцаа буулгаснаар саранд зочилсон гурав дахь улс болсон юм. Энэ оны сүүлээр буух Чан И-4 нь төмс, торгоны хүр хорхойн үүр зэрэг ургамлын үрийг саранд суулгаж турших зорилготой байна. Яваандаа тэд саран дээр байнгын судалгааны станцтай болохоор төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Quartz