Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Британий эрх баригчид Абрамовичийн визийг сунгаж өгөхгүй удааж байгаа гэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Челси хөлбөмбөгийн клубын эзэн, тэрбумтан Роман Абрамович Их Британид оршин суух визээ сунгуулахад асуудалтай тулгараад байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Өнгөрсөн сард визний хугацаа нь дууссаны дараа Абрамович Британиас гарч явсан байна. Ингэж удаашрах болсон шалтгааныг Британий ОХУ-тай харилцах гадаад бодлого чангарсны шинж байж магадгүй гэнэ.

Өнгөрсөн гуравдугаар сард Оросын тагнуулын ажилтан асан Сергей Скрипалийг химийн бодисоор хордуулсан халдлага гарснаас үүдэлтэй хоёр орны харилцаа муудаад байгаа. Тухайн хэргийн дараа Британий дотоод хэргийн сайд асан Амбер Рудд тус улсад амьдардаг Оросын 700 гаруй чинээлэг иргэдийн визийн нөхцлийг эргэж харахаа амлаж байсан юм.

Абрамовичийн хувьд хөрөнгө оруулалтын визээр Британид амьдардаг гэдэг. Хэдийгээр түүнд виз олгохоос татгалзаагүй ч сунгах үйл явц нь өмнө тохиолдож байгаагүй удаан үргэлжилж байгаа ажээ.

Британий хууль ёсоор доод тал нь 2 сая фунт стерлингийн ($2.7 сая) хөрөнгийг тус улсад оруулсан хүнд амьдрах виз олгодог. Абрамович нэг тэрбум фунт стерлингийг Челси клубт оруулж, уг эрхийг авсан юм.

Ийм визтэй хүн Британид 3 жил, 4 сарын хугацаанд оршин суух эрх авдаг.

2003 онд Челсийг авсны дараа тус клуб Премьер лигийн дөрвөн удаагийн аварга, Европын Аваргуудын лигийн нэг удаагийн аварга болсон амжилт үзүүлжээ.

 

Эх сурвалж: Russia Today