Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Техасын аллагын эзэн бүтэлгүй дурлалаас болж 10 хүний амийг хөнөөсөн гэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын Техас мужийн Санта Фе хотын дунд сургуульд зэвсэгт халдлага гарч, 8 сурагч, 2 багш нийт 10 хүн амиа алдсан билээ.

Аллагыг тус сургуулийн сурагч 17 настай Димитриос Пагурцис үйлдэж, цагдаа нарт баригдсан юм. Амиа алдагсдын нэг болох 16 настай сурагч охин Шана Фишерийн ээжийн мэдүүлж байгаагаар алуурчин охиныг нь дөрвөн сарын турш эргүүлж, нааштай хариу сонсоогүй байжээ.

Хугацаа өнгөрөх тусам Димитриосын зан ааш улам түрэмгий болж байсныг талийгаач охины эх Сэди Родригез ярьсан байна.

Аллага болохоос долоо хоногийн өмнө Фишер өөрийг нь дахиж эргүүлэхгүй байхыг ангийн сурагчдын дунд хэлж, залууг эвгүй байдалд оруулж байжээ. Гэрчүүдийн мэдээлснээр Димитриос нь Фишерийн сайн найзтай өмнө нь үерхэж байсан бөгөөд охин “сайн найзынхаа хуучин найз залуутай үерхэж болохгүй” гэж ярьдаг байсан гэнэ.

Аллагын шалтгааныг цагдаа нар одоог хүртэл бүрэн тодруулаагүй байгаа юм. Гэвч Димитриос баривчлагдсаныхаа дараа цагдаа нарт мэдүүлэхдээ өөрийн дургүй сурагчдыг алах төлөвлөгөөтэй байсан гэсэн байна.

Тэрээр аллага үйлдэхээсээ өмнө сошиал хуудсандаа галт зэвсэг, хутга, “Born to Kill” гэсэн бичигтэй цамцны зургийг оруулж байжээ.

Буудаж эхэлснээс 30 минутын дараа цагдаа нар түүнийг бүслэн баривчилсан юм.

Димитриос хэдийгээр хүний амь хөнөөсөн, цагдааг эсэргүүцсэн хэрэг үйлдсэн ч 2005 оны холбооны дээд шүүхийн гаргасан шийдвэрээр цаазын ял сонсохгүй юм байна.

 

Эх сурвалж: Associated Press