Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Путин, Меркель нар байгалийн хийн хоолойг үргэлжлүүлэхээр тохиролцлоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Германы канцлерь Ангела Меркель өчигдөр буюу Баасан гарагт ОХУ-ын Сочи хотод тус улсын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцжээ.

Меркель энэ үеэр “Бид Оростой сайн харилцаатай байх стратегийн сонирхолтой” гэсэн бол Путин Германыг “манай эдийн засгийн чухал түнш” гээд “ямар ч хүнд хэцүү цаг үед бидний харилцаа холбоо тасарч байгаагүй” хэмээн онцолсон байна.

Сочид ирэхээс нь өмнө сэтгүүлчид Меркелиэс Трампын гаргаж байгаа зан ааш түүнийг Путинтай эвсэхэд хүргэж байгаа эсэхийг асуухад тэр эрс үгүйсгэж байсан юм.

Өчигдрийн уулзалтын дараа Меркель хэлэхдээ Сирийн дайн, Украины хямрал, Ираны цөмийн гэрээ зэрэг олон асуудлыг хөндсөн гээд “Бид санаа нийлэхгүй байгаа асуудлуудаар ч хэлэлцлээ. Тухайлбал Украины асуудал дээр Минскийн гэрээг зөрчиж байгааг ярилцсан” гэжээ.

Харин нааштай шийдэгдсэн асуудал нь Оросоос Герман руу татаж буй “Nord Stream 2” (Хойд Урсгал 2) нэртэй байгалийн хий дамжуулах хоолойн төсөл байв.

Сибирээс Баруун Европт байгалийн хийг хүргэх Газпромын энэхүү төслийг АНУ хатуу эсэргүүцэж байсан юм. Уг төсөл ирэх оны сүүлээр ашиглалтад орно.

Германы засгийн газар өнгөрсөн гуравдугаар сард “Nord Stream 2” төслийг дэмжсэн шийдвэр гаргахад АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Сандра Оудкирк “Оросын хорт нөлөө Европт нэмэгдэх нь” гэж анхааруулж байсан юм.

Харин Путин өчигдөр энэхүү төслийг улс төрийн бус, арилжааны зориулалттай гэдгийг тайлбарлаад АНУ-ын ерөнхийлөгчийн талаар зарим таатай үгсийг хэлсэн байна. “Дональд бол зөвхөн ерөнхийлөгч бус, бас сайн бизнесмэн. Тиймээс тэр Америкийн шингэрүүлсэн хийг Европт нийлүүлэх бизнесийн ашиг сонирхлоо хамгаалж байгаа нь тэр” хэмээн тэр хэлсэн юм.

Ингэхдээ тэр Трампыг “Дональд” гэж дотночлон нэрлэсэн нь сонирхолтой тохиолдол байв.

 

Эх сурвалж: Quartz