Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны АНУ-ын 22 дахь сургуулийн аллага Техаст гарч, 10 хүн амь үрэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

2018 он гарсаар АНУ даяар бага, дунд, их сургуулиудын байранд нийт 22 зэвсэгт халдлага гарсны тохиолдол бүрээс ядаж нэг хүн амь үрэгдээд байна.

Хамгийн сүүлийн хэрэг Баасан гарагийн өглөө Техас мужийн Санта Фе хотын дунд сургуульд гарлаа. Галт зэвсэгтэй этгээд уг сургууль руу буудсаны улмаас одоогоор 10 хүн алагдаж, 10 хүн шархдсан нь тодорхой болоод байна.

Аллагыг үйлдсэн этгээд нь тус сургуулийн 17 настай сурагч Димитриос Пагурцис гэгч байжээ. Тэр эцгийнхээ хууль ёсны дагуу өмчилдөг хагас автомат, гар буунуудыг ашиглан аллагыг үйлдсэн байна. Тэр бас гар аргаар бүтээсэн тэсрэх бөмбөг бэлдээд байсныг цагдаа нар хураажээ. Одоо түүнийг хүн амины хэргээр шалгаж эхлээд байна.

Техас мужийн захирагч Грэг Эббот уг хэргийг “Техас мужийн түүхэнд тохиолдсон хамгийн жигшүүртэй аллагуудын нэг” гэж нэрлэжээ.

Одоогоос гурван сарын өмнө Флорида мужийн Парклэндын дунд сургуульд зэвсэгт этгээд гал нээж, 17 хүний амийг хөнөөсний дараа Америк даяар галт зэвсгийн хэрэглээг хориглох хөдөлгөөн хүчтэй өрнөж эхлээд байгаа.

Гэвч эрх баригчид галт зэвсгийг бүрэн хориглох шийдвэр гаргахаас зайлсхийж, харин автомат буу иргэдэд худалдаалахыг хориглох, сургуулийн багш нарт хамгаалалтын зориулалтаар галт зэвсэг эзэмшүүлэх зэрэг арга хэмжээг санаачилсан юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр сурагчид оюутнуудыг, сургуулиудыг халдлагаас хамгаалах, аюултай хүмүүсийн гарт галт зэвсэг орохоос сэргийлэхийн тулд бүхнийг хийж байгаагаа мэдэгдсэн байна.

Тэр “Үр хүүхдүүдээ аюулгүй амьдруулахын тулд засгийн газрын бүх түвшинд, бүх хүн хамтарч ажиллах ёстой” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP, Time.Com